Жүжигчин Жан-Поль Бельмондог өнөөдөр сүүлчийн замд нь үднэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ПАРИС. /TASS/. Даваа гарагт 89 насандаа таалал төгссөн кино, театрын нэрт жүжигчин Жан-Поль Бельмондод Франц улс пүрэв гарагт төрийн хүндэтгэл үзүүлнэ.
Үдээс хойш Францын уран барилгын дурсгал болох “Hôtel des Invalides” ордонд болох ёслолыг тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон удирдан явуулна.
Елисейн ордон жүжигчинтэй салах ёс гүйцэтгэх ёслолд 700 хүн урьжээ. Ёслолд Бельмондогийн гэр бүлийн хамт алдартай жүжигчид, тамирчид, улс төрчид төдийгүй Францын энгийн иргэд оролцох юм.
Салах ёс гүйцэтгэх ёслол болох газар тодорхой болохоос өмнө францчууд Сена мөрний зүүн эрэг дэх Бельмондогийн гэрт цэцэг авчирцгаасан байна.
Макрон цугласан олонд хандаж үг хэлнэ. Төрийн тэргүүний үгийг ордны гаднах талбайд байрлуулсан аварга том дэлгэцээр шууд дамжуулна.
Ёслолын албан ёсны хэсэг дууссаны дараа энэ үдэш Бельмондотой салах ёс гүйцэтгэхээр ирсэн бүх хүнд “Hôtel des Invalides” ордны хаалгыг нээх ажээ.