Иран баяжуулсан ураныхаа нөөцийг нэмэгдүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. Ираны эрх баригчид 60 хувь баяжуулсан ураныхаа нөөцийг сүүлийн гурван сарын хугацаанд ойролцоогоор дөрөв дахин буюу 2.4 кг -аас 10 кг болгож нэмэгдүүлжээ.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн (МАГАТЭ) Ираны асуудлаарх улирал тутмын тайланд энэ тухай дурдсан байна.
Үүнээс гадна, Ираны эрх баригчид 20 хувьд хүргэж баяжуулсан ураныхаа нөөцийг 63 кг -аас 84 кг-д хүргэжээ. Харин 5 хувиас бага цэвэршүүлсэн ураны нөөц 3141 кг-аас 2278 кг болж буурсан байна. Үүний шалтгаан нь 2 хувь баяжуулсан ураныг 5 хувьд хүргэж баяжуулсантай холбоотой аж.
МАГАТЭ мөн тайландаа Ираны эрх баригчид цөмийн байгууламжууддаа мониторинг хийх зөвшөөрлийг одоог хүртэл өгөөгүй байгааг дурджээ.
Ираны талаас өгсөн цөмийн байгууламжуудынх нь талаарх мэдээлэл ажиглалтын үр дүнтэй нь техникийн хувьд нийцэхгүй байгааг МАГАТЭ-гийн шинжээчид онцолсон байна. МАГАТЭ-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси Техранаас цөмийн гэж албан ёсоор мэдэгдээгүй хэд хэдэн байгууламжид ураны тоосонцор байгаа талаар Ираны эрх баригчид тус байгууллагад тайлбар өгөөгүй хэвээр байгаад санаа зовниж байгаагаа дахин илэрхийлжээ. Гросси мөн Ираны шинэ удирдлагатай нөхцөл байдлыг хэлэлцэхээр тус улсад айлчлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.