“ОЛДОХЫН ХҮРЭН БОР” тэмээний омгийн гэрчилгээг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-02 17:06:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын 2020 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдрийн тушаалаар Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээг мах-ноосны чиглэлийн омог болгон баталгаажуулсан. Тус омгийн гэрчилгээг өнөөдөр гардуулан өглөө.

Тодруулбал, ХХААХҮЯ-ны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга, Ерөнхий мал зүйч Д.Батсүрэн омгийн гэрчилгээг тэмээн сүрэгт явуулах үржил селекцийн ажлын таван жилийн хөтөлбөрийн хамт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон ХХААГ-ын Б.Мөнхжаргал нарт хүлээлгэн өгчээ.

Олдохын хүрэн бор тэмээг зуугаад жилийн өмнөөс Олдохын хийдийн торгон сүрэг буюу бурхны сүрэг нэртэйгээр ардын селекцийг шинжлэх ухааны үндэслэлтэй хамтатган судлан, хөгжүүлж ирсэн байна.

Энэхүү тэмээ нь хүрэн бор зүстэй, генетик тогтцын хувьд бусад үүлдэр, үржлийн тэмээнээс ялгарах шинжтэй, бэлчээр ашиглах чадвар өндөр, галбирын хувьд ямар нэгэн гажиг согоггүй, мах-ноосны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой сүрэг хэмээн мэргэжлийн хүмүүс тодорхойлжээ.

相关新闻