Индонез, Тайланд “COVID-19”-ийн хязгаарлалтуудаа сулруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-01 11:12:34

ЖАКАРТА. /NHK/. Индонез, Тайландад коронавирусний халдварын нөхцөл байдал дорвитой сайжраагүй байгаа хэдий ч халдварын тархалтыг хяналтад авах хязгаарлалтуудаа хэсэгчлэн сулруулж байна.


Тухайлбал, Индонезийн нийслэл Жакарта хот тэргүүтэй зарим бүс нутагт үйлдвэрлэлийн салбарт ажиллагсад вакцинд хамрагдсан бол мягмар гаргаас ажилдаа явахыг нь зөвшөөрчээ.


Мөн Жакартагийн зарим хэсэг дэх сургуулиуд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа энэ долоо хоногоос эхлэн танхимаар хүчээллэхээр болоод байна. Багш нар болон 12-оос дээш насны сурагчид ийнхүү хичээллэхээсээ өмнө дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юм.


Тайландын нийслэл Бангкок хотод арилжааны зарим бизнесийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн тодорхой хязгаарлалттайгаар сэргээж байна. Тодруулбал, нийслэлийн төвд орших худалдааны төвийн ажилтнууд вакцины наад зах нь нэг тунд хамрагдсан байх шаардлагатай байна. Мөн Засгийн газар бүрэн тунд хамрагдах шаардлагыг аль болох ойрын хугацаанд тавихыг зорьж байна. Тайландад одоогоор нийт хүн амын ердөө 11 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.


Эрүүл мэндийн байгууллагын нэгэн мэргэжилтний хувьд халдварын үзүүлэлтүүд хэлбэлзэж болзошгүй тул үргэлжлүүлэн нягт ажиглах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мягмар гарагт Индонезид халдварын 10534 шинэ тохиолдол илэрч, 532 хүн нас барсан бол Тайландад 14666 хүнээс шинээр халдвар илэрч, 190 хүн нас барсан байна. 

相关新闻