Ирэх хичээлийн жилд бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангаж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-31 18:07:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн багш нарын 73 дугаар хурал 8 дугаар сарын 28-нд цахимаар болон танхимаар хуралдаж, өнгөрсөн хичээлийн жилийн ажлаа дүгнэн, ирэх хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойллоо.

Өнгөрсөн хичээлийн жилд ковидийн нөхцөл байдлын улмаас сургууль, цэцэрлэгийн сургалтын 75 хувь нь цахимаар явагдаж, СӨБ-ын хамран сургалт 73,8, бага боловсролын хамран сургалт 93,6 хувьтай байжээ.

Аймгийн БСГ-ын мэдээлснээр 2020-2021 оны хичээлийн жилд 4 зорилго, 8 зорилт, 31 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж, 2021 оны эхний хагас жилийн байдлаар Боловсролын сайд болон аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт 89,5 хувь, стратеги төлөвлөгөөний хэрэгжилт 75,7 хувьтай байгаа аж.

СӨБ-ын цахим хичээлийн үзэлт бэлтгэл бүлгийн хувьд 77,4, ахлах бүлгийн хувьд 68,9, дунд анги 62, бага анги 50,3 хувьтай байжээ.

Харин ЕБС-ийн сурагчдын цахим сургалтын цахим хичээлийн хамрагдалт 85 хувьтай байна. Өнгөрсөн хичээлийн жилд ЕБС-д 8423 сурагч суралцсаны 59 хувь нь цахим хичээлээ тогтмол үзсэн бол 25 хувь нь заримдаа, 16 хувь огт үзээгүй байна.

Бага боловсролын улсын шалгалтын математик, монгол хэл, хүн байгаль гурван хичээлийн аймгийн дундаж өмнөх оны дүнгээс хоёр хувиар ахиж, 81,78 хувьтай үнэлэгдсэн бол суурь боловсролын 6 хичээлийн дундаж 82,3 хувьтай шалгуулсан байна.

Дундговь аймгийн багш нарын 73 дахь бага хурлаас 2021-2022 оны хичээлийн жилд  “Хүүхдийн хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, амжилттай суралцахад бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангаж, хичээл, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах” зорилгын дор 10 зорилт дэвшүүлжээ.

Энэхүү зорилтуудын хүрээнд “дасгал, даалгаврын сан”-г өмнөх хичээлийн жилээс 10 хувиар нэмэгдүүлж, сургалтын чанарын үнэлгээний дунджийг 42 хувьд хүргэх, сургалтын үйл ажиллагаанд суралцагсдын оролцоог тэгш ханган хамтран суралцах соёлыг төлөвшүүлэх, багш нарынхаа заах арга зүйг хөгжүүлэх, хөгжих орчинг бүрдүүлэх, цэцэрлэг сургуулийн үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагаа түншлэлийг идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Тус хуралд “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах сургалт, үйл ажиллагааны  удирдамжийг хэрэгжүүлэх, “Ногоон гэрэл”  үйл ажиллагаа, “Анги удирдсан багшаар дамжуулан эцэг, эхийн оролцоог дэмжих нь”, “Сургуулийн өмнөх боловсролын 5 настай хүүхдийн чадварыг үнэлэх үнэлгээний зохион байгуулалт, аргачлал”, “Бие  даан суралцах  ажлын дэвтэр хэрэглэх аргачлал”, “Үндэсний бичиг  хөтөлбөрийн хэрэгжилт, сурах бичгийн хангалт, ашиглалт” зэрэг сэдвүүдийн хүрээнд багш нар болон БСУГ-ын мэргэжилтнүүд итгэл тавьж, багш нар харилцан туршлага солилцжээ. 

相关新闻