Ч.Жаргалсайхан:Шалгуулагчдад олгосон боломжийг хэр үр дүнтэй ашиглав гэдгийн үр дүн бас харагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ
аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхантай элсэлтийн ерөнхий шалгалтын
зохион байгуулалтын талаар цөөн хором хөөрөлдлөө.
-Энэ удаагийн элсэлтийн
ерөнхий шалгалт нэлээд хэцүү цаг үед, анх удаа намар болж өндөрлөлөө. Мэдээж онцлог зүйлүүд ч нэлээд байх шиг?
-2020-2021 оны хичээлийн жилийн
элсэлтийн ерөнхий шалгалт нэлээд онцлогтой нөхцөл байдалд болж өнгөрлөө. 6
дугаар сард авах байсан шалгалт хойшилж 8 дугаар сард зохион байгуулагдлаа.
Танхимын хичээл бага, ерөнхийдөө зайн сургалттай байсан ийм онцлог нөхцөлтэй
үед энэ удаагийн шалгалт явагдлаа.
-Цаг
үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад тэрүү олон ч байгууллага хамтран шалгалтыг зохион байгуулж харагдсан. Урьдчилсан
нөхцөл байдлыг хэрхэн хангав, шалгалтын үеэр хэчнээн хүн ажилласан
бэ?
-Олон
хүний хүч хөдөлмөрийн дүнд энэ ажлыг зохион байгуулсан. Өмнө нь нэг л сургууль
дээр зохион байгуулдаг байсан бол энэ удаа өвчлөлийн нөхцөл
байдлаас үүдэн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1, 2, 3 гэсэн гурван сургууль
дээр зохион байгууллаа. Олон хүмүүс хамтран ажиллалаа. Улаанбаатар хотоос манай
яамны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс 7 хүн ирсэн. Манай
газартай хамтраад Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн
хяналт, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Эрүүл мэнд гээд
олон байгууллага хамт олон энд оролцлоо. Бид хүүхэд, эцэг эхчүүдийн
хөл хөдөлгөөнд гол анхаарлаа хандуулсан. Цагдаагийн байгууллагаас сургууль
бүр дээр гурван хүн, нэг ахлахтайгаа хамт ажиллалаа. Хэв журам сахиулах,
Тагнуулын байгууллагаас сургууль руу тест авчрах, буцаагаад хүргэж өгөх,
тээвэр зохицуулалтын чиглэлээр цагдаагийнхан маань үүрэг гүйцэтгэсэн. Энэ олон
хүний хүч хөдөлмөрийн үр дүнд энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалт дүрэм
журмынхаа дагуу ямар нэг хэл ам, маргаангүй явагдсан.
Хамтран
ажилласан бүх газрууддаа талархал илэрхийлье.
-Шалгалтын
сэдэв, даалгаврын нууцлалын хувьд өндөр түвшинд байсан байх...?
-Тиймээ.
Шалгуулагчдын тест жил бүр Тагнуулын байгууллагаар дамжаад ирдэг. Тагнуулын
байгууллагаас материалын лац, ломбо бүх зүйлийг
шалгаад цагдаагийн байгууллагын хяналт дор хүлээж авдаг. Сургууль дээр очоод
цагдаагийн хараа хяналттайгаар ангиудад хуваарилдаг. Шалгуулагчдыг шалгалтаа
өгсний дараа материалыг буцаагаад хайрцаг саванд нь хийгээд лацдаад хүлээлгэж
өгдөг. Энэ хооронд ямар нэгэн зөрчил гараагүй.
-Энэ
жил хэчнээн хүүхэд шалгалтад хамрагдсан бэ?
-2020-2021
оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 1260 гаруй хүүхэд төгссөн. Өдрийн ангийн
энэ төгсөгчдөөс 1093 хүүхэд шалгалтад орсон. Өмнөх онуудын төгсөгчдөөс 200
гаруй хүүхэд бас орсон. Ингээд үндсэндээ 1290 гаруй хүүхэд шалгалт өгсөн.
-Олон
нийтийн сүлжээгээр Сэлэнгэ аймаг доороосоо 2-т
явна гээд баахан шуугилаа...?
-Элсэлтийн
ерөнхий шалгалтын дүнг манай яамны харьяа Боловсролын үнэлгээний төв гаргадаг.
Энэ байгууллагын гаргасан зарим мэдээллийг хүмүүс авсан гэж ойлгож байгаа.
Энэ бол зөвхөн Физикийн хичээлийн дүн. Би харахдаа энэ жилийн элсэлтийн ерөнхий
шалгалт өгсөн хичээлүүдээс физик, хими, монгол хэлний хичээлүүдээр тааруу
үзүүлэлт үзүүлчихэвүү дээ гэж харж байгаа.
-Манай
шалгуулагчдын бэлтгэл ямархуу түвшинд хангагдсан байсан гэж та харж
байна вэ?
-Ерөнхийдөө нөхцөл
байдал маань улс даяараа өвчлөлийн улмаас танхимаар хичээл
ороогүй, зайнаас гэсэн ийм л байдалтай байсан. Нэг талдаа бол шалгуулагчдад бас
боломж олгосон байсан. Энэ боломжийг хүүхэд-багш-эцэг эх
гурав хэр ашиглав гэдгийн нэг үр дүн харагдаж байна. Сэлэнгэ аймгийн
хувьд нэг онцлог зүйл гэвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэргэжлийн 6 хичээлээр хоёрдугаар
сараас эхлээд цахимаар байнга давтлага өгсөн. Мөн манай үнэлгээний төвөөс энэ
жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврын сан дээр багш нарт, хүүхдүүдэд их
дөхүү зүйлийг гаргаж өгсөн. Өмнөх элсэлтийн шалгалтууд агуулгаар байдаг
байсан бол энэ жил 10, 11 дүгээр ангиас иймэрхүү төрөл гээд чиглүүлээд
өгчихсөн. Энэ хүрээнд давтлагаа сайн авсан, өгсөн нь сайн оноо авсан байх.
Ер нь бол
сурах үйл явц бол ганц багшийн ажил биш. Багш-хүүхэд-эцэг эх хамтарч байж
эцсийн үр дүн гардаг. Энэ нөхцөл байдлын үүднээс төгсөгчдөд бололцоо олгосон
гэж би нэг талаасаа харж байгаа. Гишүүн хүртэл олон багш нарыг урьж, олон
цагаар давтлага өгсөн. Байн байн сорил авсан. Манай сургуулиуд, хүүхдүүд 100
хувь энэ боломжийг ашиглаж чадсан бол өнөөдрийн яригдаад байгаа энэ ярианаас
хамаагүй дээгүүр оноо авч чадах байсан байх гэж бодож байна. Сайн хүүхдүүд бол
сайнаараа л байгаа. Жишээлэхэд 2020 оны аймгийн аварга сурагч Сүхбаатар сумын 4
сургуулийн Б.Амина өөрийнхөө
өгсөн шалгалт болгоныг тэргүүлсэн. Нийгэм дээр 800 оноо авсан бол Орос хэл дээр
99, Монгол хэл дээр 90 оноо авах жишээний. Энэ мэт олон хүүхдүүд байгаа.
800 оноонд хүрээгүй ч жигд 700 гарсан оноотой хүүхдүүд зөндөө бий. Нэг
хэсэг нь өөрийнхөө хүсэл тэмүүллийн дагуу, өөрийнхөө зорилгыг ойлгоод,
энэ сургуульд орно, ийм мэргэжил эзэмшинэ гээд санаачлагатай,
уйгагүй хөдөлмөрлөж хичээж чадаж байна. Нэлээдгүй хэсэг нь
энэ бүхнээ бүрэн гүйцэд ч ойлгоогүй, цагийг нь тулгаж байгаа зэрэг байдал
гарсан хэвээрээ л байна. Үүнд л анхаарах хэрэгтэй.
-Энэ
жилийн тухайд Сэлэнгэ аймагт 800 оноо авсан хүүхдийн тоо өмнөх жилүүдээс хамаагүй олон байх шиг?
-Өмнөх
жилүүдэд 800 оноо авсан хүүхэд 1, 2 л гардаг байсан. Энэ жил нийгмийн ухааны
мэдлэгээр таван хүүхэд 800 оноо авлаа. Үүнээс нэг багшийн бэлтгэсэн гурван хүүхэд
байна. Энэ бол онцгой амжилт. 800 оноо авсан хүүхдүүддээ,
бэлтгэсэн
багш нарт нь баяр хүргэе.
-Элсэлтийн
ерөнхий шалгалттай холбоотой цаашид анхаарах ямар асуудал байна вэ?
-Энэ
шалгалт жил бүр явагддагаараа л явагдана. Тиймээс манай хүүхдүүд сурах
чиглэлийг зорилгоо болгоод хөдөлмөрлөх хэрэгтэй. Сэлэнгэ муу багш нартай биш.
Сайн багш нар олон байна. Миний онцлон тодотгоод байгаа зүйл бол сурна гэдэг
ганцхан багшаас хамаарах зүйл огт биш. Багшаас гадна хүүхэд, эцэг эхчүүдээс маш
их шалтгаалж байгаа. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтыг чанаржуулах гол
үндэс бол хамтын хүчин чармайлтын үр дүн. Ер нь бол сайжруулах юм их бий.
Мэргэжлийн багш нарын хувьд ч анхаарах зүйл байна. Эцэг эх, сурагчдын
хувьд ч анхаарах зүйл байна. Сургуулийн болоод орон нутгийн удирдлагын зүгээс ч
анхаарах зүйл байна.
21 дүгээр
зуун бол мэдээлэл технологийн эрин үе. 12 дугаар ангийн хүүхэд гэдэг бол
хичээлүүдийнхээ ерөнхий агуулгыг мэдчихсэн, сурах арга
барилыг эзэмшчихсэн байх ёстой. Ийм хүүхдүүд цаг заваа зөв
хуваарилаад өөрийгөө дайчлах юм бол цахимаар харин ч илүү олон талт мэдээллийг
авах бүрэн боломжтой. Түрүүн Ч.Ундрам гишүүний тэр олон
цагийн хичээл, давтлагуудыг дурьдлаа. Олон багш нарын хичээлүүд байна. 12
дугаар ангийн хүүхэд өөрөө л суръя гэж чин хүсэл эрмэлзлэлээр хичээх
юм бол нөхцөл боломж нь бүрэн дүүрэн байна. Мэдээллийн энэ олон суваг, байгаа
боломжийг манай хүүхэд залуучууд зөв ашиглах хэрэгтэй.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.