Шинжилгээний цэгийг нэмэгдүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-23 17:20:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өнөөдөр хуралдаж, коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцэв.

Улмаар хэд хэдэн тодорхой шийдвэр гаргасан тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, халдвартай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, эмчилгээний багцыг тухайн өдөрт нь хүргэж ажиллах гэнэ.

Мөн иргэдийн хэт бөөгнөрөл үүсгэхгүй байх, эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс дахин нэг ”Шинжилгээний цэг” шинээр байгуулж, Хөгжимт драмын тeатрын урд талбайд байршуулах, улмаар халдвартай иргэний ойрын хавьтал болох зөвхөн шинж тэмдэг илэрсэн иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах аж.

Үүнээс гадна халдвар авсан иргэд эмчилгээнийхээ хугацаанд гэртээ байж халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа нь халдвар тархах нэг эрсдэл болж байгаа.

Иймээс чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын ажил хариуцсан албан тушаалтан, хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөллөөс бүрдсэн “Хяналтын баг” томилж ажиллуулах, эх сурвалжийг нууцалж иргэд, оршин суугчдаас мэдээлэл авах, Т.Шинэбаяр захиралтай “Ач заяа” эмнэлэгтэй зөвшилцсөний үндсэн дээр орны тоог 40-өөр нэмэгдүүлж халдвартай иргэний биеийн байдлыг эрэмбэлэн зайлшгүй хэвтүүлэн эмчлэх шаардлагатай хүнийг тухайн эмнэлэгт тээвэрлэн хүргэх зэрэг  шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар болжээ.

Одоогоор “Хас банк”-ны урд талбайд “Шинжилгээний явуулын цэг” бий. Мөн “Спортын ордон”-ы бага зааланд “Шуурхай штаб”-аас өгсөн нэрсийн дагуу коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээ авч байгаа аж. 

相关新闻