“Гэрэл гэгээтэй амьдралын төлөө хамтдаа” уулзалтыг үр дүнд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-05 14:54:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс “Гэрэл гэгээтэй амьдралын төлөө хамтдаа” чөлөөт ярилцлага, уулзалтыг сумын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү уулзалт, ярилцлагын үндсэн зорилго нь согтууруулах ундааны хор нөлөө, архинд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа аж. Эл “Гэрэл гэгээтэй амьдралын төлөө хамтдаа” уулзалт, ярилцлагад архины хамааралтай болсон иргэдийг урьж оролцуулжээ. Тэдэнд өөрөө өөрийгөө олж харах, амьдралд боломж байгааг ойлгуулах, архины хамаарлаас ангид болж зөв амьдралд эргэн ороход нь туслах үүднээс энэхүү ажлыг хийж байгаа аж. Уулзалтыг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Төмөр замын клубт зохион байгуулж, ковидын нөхцөл байдлын улмаас нэг удаагийн уулзалтад 10 иргэнийг оролцуулж байгаа аж.

Энэ талаар Сүхбаатар сумын ИТХ-ын дарга, сумын ГХУССЗ-ын дарга Г.Амарбаясгалан: ”Бид уулзалтын явцад амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, зайгаа барих дэглэмээ ягштал биелүүлж байна. Мөн зөвхөн хоёр удаа уулзалт зохион байгуулаад зогсохгүй, энэ асуудлаар уулзахыг хүссэн иргэн бүрт 99499682 дугаарын утсаар холбоотой байж, мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбон өгч ажиллана. Цаашид архинаас гарах хүсэл тэмүүлэлтэй иргэдтэйгээ тулж ажиллан нөлөөлж, эерэг үр дүн гаргах эцсийн зорилготой” хэмээв.

Дээрх үйл ажиллагааг Сүхбаатар сумын ИТХ, ГХУСАЗСЗ, Сэлэнгэ амьдрах сайхан ТББ, Төлөвшлийн шийдэл" ТББ, Сүхбаатар сумын 8 багийн Засаг дарга нар, УБТЗ-ын БАҮ-ний 1-р ангийн хамт олон хамтран зохион байгуулж байгаа аж.

 

相关新闻