Аймгийн Сонгуулийн хорооны ажлын баг Мөст суманд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөст сумаас гурван иргэн коронавирусний халдвар авч, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байна.
Тус сумын Сонгуулийн хорооны дарга, гишүүд нь эдгээр иргэдийн ойрын хавьтлаар бүртгэгдэж, улмаар тусгаарлалтад байгаа юм. Тэдний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан ч тусгаарлалтад байгаа учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах боломжгүй аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан коронавирусний халдвар тархах эрсдэлээс сэргийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 7-нд Ховд аймгийн Сонгуулийн хороо хуралдлаа.
Хурлын үеэр сургалтад хамрагдсан, албан ёсны гэрчилгээ (сертификат) бүхий нөөцөд бүртгэлтэй байгаа төрийн албан хаагчдыг томилон Мөст сумын төв дээр байрлаж буй Улаан толгой, Цэцэг гол гэсэн хоёр багийн сонгуулийн хэсгийн хороонд санал авах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.
Мөн Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын баг өнөөдөр Мөст суманд ажиллаж, дээрх хоёр багийн хэсгийн хороонд ажиллах бүрэлдэхүүнийг албан ёсоор ажилд нь томилж байна.
Энэ үеэр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж тухайн хэсгийн хороодын санал авах байранд дахин халдваргүйтгэл хийж байгаа гэж албаныхан хэллээ.
Иймээс Мөст сумын Улаан толгой, Цэцэг гол багийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг Ховд аймгийн Сонгуулийн хорооноос уриаллаа.
Ховд аймагт зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын
батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгдэж,
нийт 307 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар
хотоос ирсэн хоёр иргэн, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй
иргэний ойрын хавьтал дөрвөн иргэнээс халдвар илэрсэн байна.
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн
Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 46 хүн хэвтэн
эмчлүүлж байна.