10 гаруй байгууллага “Хүүхдийн өрөө” тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-03 16:16:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Гэр бүлийн зөвлөл”-өөс Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан байгууллагадаа “Хүүхдийн өрөө” нээжээ.

Хүүхдийн өрөө”-ний ханын зургийг Хүүхдийн ордны зургийн дугуйлангийн багш Д.Даваамаа зурж, доторх тохижилт, тоглоом, ном хэрэгслийг тус байгууллага, албан хаагчид өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлсэн байна.

Өрөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах оролцож, хэлсэн үгэндээ “Аль ч байгууллагын ажилтан, алба хаагчид илүү цагаар ажиллах үе бишгүй гардаг. Ийм үед бага насны хүүхдүүдээ ажил дээрээ авчирч, “Хүүхдийн өрөө”-нд саатуулан ая тухтай, аюулгүй байлгах боломжийг бүрдүүлэх нь байгууллагын зүгээс ажилтнууддаа үзүүлж буй маш том дэмжлэг, нөгөө талаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмэр юм” гэлээ.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс 2019 онд “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг уриалж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн бөгөөд энэ хүрээнд Өвөрхангай аймгийн хэмжээнд 10 гаруй байгууллага “Хүүхдийн өрөө”-г тохижуулсан байдаг аж.

 

相关新闻