Манлайлагч сурагчдыг “Авьяас” медалиар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-02 11:56:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр сурлага, урлаг, спортоор бусдыгаа хошуучлагч, манлайлагч сурагчдыг ХГБХГ-ын “Авьяас” медалиар шагналаа.

Энэхүү шагналаар Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Э.Отгонтогос, 12а ангийн сурагч Г.Цэндсүрэн, Мандал сургуулийн 12а ангийн сурагч О.Зоригтбаатар, Я.Чойжамц, Цэгцбилиг сургуулийн 12б ангийн сурагч Х.Жигжиддулам, тус сургуулийн 12а ангийн сурагч М.Одмичид, У.Удвал, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 12 а ангийн сурагч Т.Мөнхжаргал нар шагнуулсан байна.

Сурагч Э.Отгонтогос Манлайлагч хүүхдүүдийн клубийн гишүүн, гар бөмбөгөөр хичээллэдэг, Монголын сурагчдын холбооны гишүүн бол О.Зоригтбаатар 51 удаагийн аймаг, бүсийн тэмцээнд оролцож амжилт гаргасан.

Х.Жигжиддулам урлаг спортоор манлайлагч бөгөөд 70 гаруй уралдаан тэмцээнд оролцож, шагнал авч байжээ.

Сурагч М.Одмичид, Т.Мөнхжаргал нар АНУ-ын “ACCESS” хөтөлбөрт хамрагдаж байсан бол сурагч У.Удвал загварын дугуйланг удирддаг аж. Харин Я.Чойжамцын хувьд урлагийн авьяастай, “Гэгээн муза” наадамд оролцож, “Хүүхдийн оролцоот шилдэг бүтээл”-ийн эзэн болсон байна. 

相关新闻