Залуучуудын цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн 30 хувийг ногоон байгууламжтай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-31 20:32:34

Ховд /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбоог үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Иймээс Ховд аймгийн Залуучуудын холбооноос тус ойн хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, нэлээд ажлыг шинээр санаачлан үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.

Ховд аймгийн Залуучуудын холбоо нь 25 тэргүүлэгч, 270 орчим салбар зөвлөлийн гишүүн, дэмжигчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тус хамт олон орон нутгийнхаа залуучуудад ээлтэй, таатай орчин бүрдүүлэх, үүнд орон нутгийн залуу үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Амарсанаа”-гийн нэрэмжит Ховд аймгийн Залуучуудын цэнгэлдэх хүрээлэнд ногоон байгууламж бий болгож эхэллээ.

Өөрөөр хэлбэл, тэд “Амарсанаа”-гийн нэрэмжит Ховд аймгийн Залуучуудын цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн 30 орчим хувийг ногоон байгууламжтай болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 2500 ширхэг хайлаас мод тарьсан байна.

Улмаар талбайн услалтын системийг бүрэн шийдвэрлэж, өнөөдөр агч, буйлс, болт бор гэсэн гурван төрлийн 500 ширхэг модыг дахин нэмж тарив. Энэ удаагийн мод тарих ажилд 50 гаруй залуу үеийнхэн, төрийн болон төрийн бус байгууллага, салбарын холбогдох мэргэжилтнүүд оролцож, мод тарих аргачлал, заавар зөвлөмжийг баримтлан ажилласан юм. Ингээд залуучуудын оролцоог хангаж, ногоон байгууламж бий болгох ажилд идэвхтэй оролцсон хүн бүрт “Ногоон элч” үнэмлэх олгосноороо онцлогтой.   

Ховд аймгийн Залуучуудын холбооны санаачилга, аймаг орон нутгийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд цаашид тус цэнгэлдэх хүрээлэнд хөшөө цогцолбор, усан оргилуур, “khovd city” гэх бичигтэй самбар, эко бие засах газар барих, явган замыг өргөтгөх, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх зэрэг ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү “Амарсанаа”-гийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнг Ховд аймгийн Залуучуудын холбооны мэдэлд шилжүүлсэнтэй холбогдуулан оюутан залуучуудад зориулсан эко орчин бүрдүүлэхэд иргэд, олон нийт цаашид гар бие оролцохыг уриалж байлаа.  

相关新闻