Төгсөх ангийн сурагчдын 95 хувь нь ЭЕШ-ын сорил өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатын нэрэмжит “Сорил-3” шалгалтад ЭЕШ-ын 10 хичээлээр 617 сурагч 1337 шалгалт өгчээ.
Төгсөх ангийн сурагчдын 95 хувь нь хамрагдсан тус шалгалт нь ЭЕШ-д бэлтгэх, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулах зорилготой юм.
Аймгийн БСУГ-аас “Сорил-1” шалгалтыг танхимаар, “Сорил-2” шалгалтыг онлайн болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулсан. Тэгвэл “Сорил-3”-ыг танхимаар сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж “Сорил-1” шалгалтын дүнтэй харьцуулан амжилт гаргасан сурагч, багшийг шагнаж урамшууллаа.
Уг сорилоор бэлдсэн сурагчдын дундаж гүйцэтгэл нь 29-50 хувь өссөн эхний зургаан багшийг ИТХ-ын даргын нэрэмжит батламж, мөнгөн шагналаар шагнав.
Мөн хамгийн өндөр оноо буюу 100 хувийн гүйцэтгэлтэй 3 сурагч тус бүр 100 мянган төгрөгөөр, 90-ээс дээш хувийн гүйцэтгэлээр 2-8 хувийн өсөлт үзүүлсэн 5 сурагчийг тус бүр 100 мянган төгрөгөөр, 20-80 хувийн гүйцэтгэлээс 20-60 хувийн өсөлт үзүүлсэн 25 сурагчийг тус бүр 50 мянган төгрөгөөр урамшууллаа.