Энэ сарын 23-наас эхлэн нийтийн тээврийн автобус хот хооронд зорчино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-23 00:28:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Сэлэнгэ аймагт ирэх, буцах зорчих хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нар УОК-ын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг мөрдлөг болгон ажиллана.

Ингэхдээ дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаж, 14-өөс дээш хоносон хот хооронд, орон нутагт зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг жолооч нар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зорчих хөдөлгөөнд оролцож зорчигчдыг тээвэрлэнэ.

Мөн энэ сарын 23-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобус Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд 7 хоногт 3 удаа явахаар боллоо. Энэхүү үйлчилгээнд явах автобус нь Сүхбаатараас Улаанбаатар чиглэлд лхагва, баасан, ням гарагт 10:00 цагаас “Хөх чулуут” дэлгүүрийн зогсоолоос хөдлөх аж. Харин Улаанбаатараас Сүхбаатарын чиглэлд даваа, пүрэв, бямба гарагт 11:30 цагаас “Драгон төвөөс хөдөлж байх ажээ.

Эдгээр өдрүүдэд зорчих хөдөлгөөнд оролцох иргэд хот хоорондын https://eticket.transdep.mn/онлайнаар тасалбараа захиалж үйлчлүүлэх юм байна. Түүнчлэн эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа 17 хүртэлх насны хүүхдүүд, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, бүрэн тунд хамрагдсан ч 14 хоноогүй иргэд гэр бүлийн гишүүдийн хамт 7 хүртэлх хоногоор тусгаарлагдах аж. Мөн бүрэн тунд хамрагдаж, 14 болон түүнээс дээш хоносон иргэд ч ковидоор өвчилж байна. Иймээс эрсдэлтэй бүсээс ирсэн иргэн бүр, ар гэрийнхэн нь дор бүрнээ сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэм журмаа ягштал дагаж мөрдөхийг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.

 

相关新闻