“DarkSide”-н хакерууд хохирогчдоос 90 сая ам.доллар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-19 13:34:53

НЬЮ-ЙОРК. /CNBC/. АНУ-ын түлш дамжуулах хоолойн томоохон оператор болох Colonial Pipeline компанид халдсан “DarkSide” хакерын бүлэг үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа хохирогчдоос нийт 90 сая ам.долларыг залилан авчээ.  


“CNBC” телевизийн мэдээлснээр, есөн сарын хугацаанд хамгийн багадаа 47 компани халдлагын золиос болж, системдээ нэвтрэх эрхээ сэргээхийн тулд дунджаар 1.9 сая ам.доллар төлөх ёстой байсан бөгөөд төлбөрийг гэмт этгээдүүдэд биткойноор тооцон шилжүүлсэн байна. 


“DarkSide” бүлэглэлийн зарим гүйлгээг шалгаж чадаагүй ч хакерууд вирусний программ ашиглан дор хаяж 90 сая ам.долларыг авч чадсан байна.


“Colonial Pipeline” компанийн систем кибер халдлагад өртсөн тухай мэдээлэл өмнө нь шуугиан тарьсан юм. Хакерууд хүссэн мөнгийг нь төлөх хүртэл компьютер дэх нэн чухал хэрэгцээтэй файлуудыг тусгай аргаар шифрлэж, дахин ашиглах боломжгүй болгодог вирусний программ ашиглажээ. Систем халдлагад өртсөний улмаас “Colonial Pipeline” компанийн үйл ажиллагаа хэдэн өдрийн туршид саатжээ.


Техас муж улсаас Нью-Жерси муж улс хүртэл үргэлжилдэг “Colonial Pipeline” компанийн дамжуулах хоолойгоор АНУ-ын Зүүн эрэгт хэрэглэгддэг түлшний (бензин, мазут, керосин) 45 орчим хувийг нийлүүлдэг байна. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, нэвтрэх эрхээ сэргээлгэхийн тулд компани хакеруудад 5 сая орчим ам.долларыг төлсөн байна.

 

相关新闻