Борцгор хотон шувууны мэдээллийг хүнсний бүтээгдэхүүн дээр байршуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Ховд аймагт борцгор хотон шувууг
хамгаалах зорилго бүхий олон талт ажил үе шаттай өрнөж байна.
Орон нутгийн зарим
иргэн, уяачид Ховд хотын бэлгэдэл болсон "хотон шувуу"-гаа хайрлан
хамгаалцгаая хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), бусад цахим хуудсаар
дамжуулан уриалж байна.
Мөн сүүлийн үед байгаль хамгаалалд
оролцох аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь Ховд аймгийн Жаргалант суманд
үйл ажиллагаа явуулдаг Л.Ганбат захиралтай "Энх хүнс" талх нарийн
боовны цех юм. Тус хамт олон нэн ховор борцгор хотон шувууны мэдээллийг хэвлэж,
бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол дээр байршуулах замаар иргэдэд сурталчлах ажлыг
санаачлан хэрэгжүүллээ.
Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас зарим байгууллагатай хамтран ажиллаж, борцгор хотон шувууны дүрсийг даавуун уут дээр анх удаа буулгасан байна. Өөрөөр хэлбэл, борцгор хотон шувууны дүрс бүхий 1000 орчим даавуун уут хийлгэсэн бөгөөд байгаль орчин, ан амьтан хамгааллын чиглэлээр хамтран ажилладаг зарим байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн гишүүд болон цахим уралдаан, тэмцээний шагнал урамшуулалд олгох зэрэг олон төрлийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.
Нэн ховор борцгор хотон
шувууны зүүн Азийн популяцийн үржлийн чухал нутаг нь Хар-Ус нуур юм. Монгол Улсын
хэмжээнд 110-120 орчим үлдсэн хотон шувууг хамгаалах нь монголчуудын үүрэг гэж
зарим мэргэжлийн байгууллагууд үзэж байна.
Шувуудыг амьдрах
орчинтой нь хамт хамгаалах санааг олон нийтэд таниулах, эхний ээлжинд иргэд хуванцар хогийг ил
задгай хаяхгүй байх шаардлагатай.
Учир нь нуур орчим хаягдсан ус, ундааны савны тагийг шувууд түүж идэх эрсдэл бий. Ингэснээр зарим
шувууд савны тагаар
ангаахайгаа хооллож, ходоодыг нь хуванцар савны тагаар дүүргэн, эндэх тохиолдол
их байдаг гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ.