Татвар төлөгчийн боловсролд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-14 16:55:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Татварын алба 2021 оныг “Татварын боловсролын жил” болгон зарлажээ. Татвар төлөгч рүү чиглэсэн сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ татвар төлөгчдийн бизнесийн үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах ажлыг түлхүү хийж байна.

Монголын Татварын албанаас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

22 дахь жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд” энэ онд тавдугаар сарын 10-14-ний өдөр тохиож байна. Энэ жилийн хувьд “Таны төлсөн татвар тахлыг давах дэм” уриан дор цахимаар зохион байгуулж байна. 

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан уламжлал ёсоор Ховд аймгийн 2020 оны шилдэг аж ахуй нэгж, иргэнийг шалгаруулан шагнаж урамшуулжээ.

Мөн ирээдүйн татвар төлөгчдийн дунд “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гар зураг, тик ток зэрэг цахим уралдааныг тусгай хуваарийн дагуу зарлаж, шилдэг гурван оролцогчийг шалгаруулав. 

Түүнчлэн өнөөдөр тус байгууллагаас "Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар”, “Хувь хүний орлогын албан татвар”-ын хөнгөлөлт чөлөөлөлт, буцаан олголт, НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх гэх сэдвээр цахим сургалт зохион байгуулж, татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэний мэдлэгийг дээшлүүлжээ.  

相关新闻