Зэрэг суманд тэг зогсолт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-30 10:42:44

Ховд /МОНЦАМЭ/. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 236 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдвар авсан хүний тоо 14-ээр нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 236 боллоо.

Тодруулбал, тусгаарлан ажиглах байранд байгаа долоон иргэн, Жаргалант сумын Буянт баг, Цэцэрлэгт хүрээлэнгийн нэгдүгээр байрны нэг оршин суугчаас халдвар илэрчээ.

Мөн Зэрэг суманд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн зарим иргэдээс шинжилгээ авахад зургаан хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь халдварын шинэ голомт болж байна.

Үүнтэй холбогдуулан Зэрэг сумын Онцгой комисс хуралдаж, тавдугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд тэг зогсолт хийжээ.

Тус сумын төв буюу Хөндлөн багийн ихэнх иргэд халдвар авсан хүний ойрын хавьталд багтаж байгаа.

Ийм учраас мэргэжлийн байгууллагууд тус сумын хүн нэг бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахаар төлөвлөж байна. Халдвартай зургаан иргэнийг өнөөдөр аймгийн төвийн “Тусгарлах эмнэлэг”-т зөөвөрлөн авч ирэх юм.

“Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 57 хүн хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусний халдвар авч “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 173 нь эдгэрсэн.  

Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 456 иргэн байна.  Тусгаарлан ажиглах байранд 129, гэрийн тусгаарлалтад 2299, гэрийн ажиглалтад 116 иргэн байна.

 

相关新闻