14 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой
комиссын 13 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, УОК-оос гарсан шийдвэрийн дагуу
аймгийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг дөрөвдүгээр
сарын 25-ны 00:00 цагаас тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах
шийдвэр гаргалаа.
Сүүлийн 24 цагийн
хугацаанд тус аймагт коронавирусний 7 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр тус аймагт
батлагдсан тохиолдол 46 болсон бөгөөд 14 иргэн
эдгэрч, гэрийн ажиглалтад гарлаа. Дээрх тохиолдлууд нь Эрдэнэдалай, Өлзийт хоёр
суманд голомтлон гарч байна.
Дундговь аймагт коронавирусний анхны тохиолдол батлагдсанаас хойш 14 дэх хоног дээрээ анхны 14 иргэн эдгэрч байгааг
аймгийн Онцгой комиссоос онцолсон.
Өнөөдрийн байдлаар 32
иргэнийг дээрх хоёр сумын ЭМТ-д эмчилж байгаа ба тэдгээрийн 10 нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Нэг хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр дөрвөн хүн байна. Хүнд нэг иргэний хувьд давхар элэгний хавдартай гэсэн оноштой
аж.
Тус аймгийн хэмжээнд
дөрөвдүгээр сарын 25-ны 00.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин үйл
ажиллагааг хязгаарлахгүй, тусгай горимоор ажиллах төрийн байгууллага, хуулийн
этгээдийн жагсаалтыг гарган мөрдүүлж байсан бөгөөд хүнс, эм, эмийн хэрэгсэл, банк,
шатахуун түгээгүүрээс бусад аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг
хязгаарласан байсан.
Харин 25-ны 00.00 цагаас, тавдугаар
сарын 8 хүртэлх хугацаанд авто засвар, бараа худалдаа, үсчин, гоо сайхан, халуун
ус, сэлбэг, хими цэвэрлэгээ, утас засвар, гутал засвар зэрэг үйлчилгээ,
худалдааг өглөөний 10:00- 17:00 цагийн хооронд ажиллуулахыг зөвшөөрлөө.
Эдгээр байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм сахиулах, үйлчлүүлж байгаа иргэдийн хөдөлгөөнийг QR
кодоор хянах зэрэг зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээг авах шийдвэр гаргасан
байна.
Энэ хугацаанд сургууль,
цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, архи, согтууруулах ундаа зарж
борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон хэвээр байх ба хүнсний дэлгүүрүүдийн
ажиллах цагийн хуваарьт тогтоосон хязгаарлалтыг хуучнаар нь (өглөөний 09:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд) мөрдөх шийдвэр гаргажээ.
Хоёр суманд халдварын
гаралт буурахгүй байгаа тул аймаг, сумын орох, гарах хөдөлгөөнд хатуу хяналт
тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон бөгөөд Онцгой комисс
шийдвэрийг дагаж мөрдөх, онцын шаардлагагүй бол гадуур гарч, сэлгүүцэхгүй байхыг
иргэддээ уриаллаа.