Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Монголын эзэнт гүрний монгол зоос
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн хөгжлийн олон үеийг туулахдаа эдийн хийгээд оюуны соёлын үлэмж их дурсгал, баримт үлдээсний нэг нь зоос, мөнгөн тэмдэгт юм.
Зоос, мөнгөний түүх, уламжлал, хувиралт тухайн орны нийгмийн
хөгжил, түүх, эдийн засгийн харилцааг тод илэрхийлдэг.
МЭӨ III-IV зуунд хятадууд анх зоосоор арилжаа хийсэн нь хамгийн эртнийхэд тооцогддог. Дэлхийн суурин соёл иргэншлийн ууган голомт нутаг Шар мөрний нанхиад соёлын ул мөр бусад газар оронд тархах нээлттэй зам нь худалдаа арилжаа байлаа. Ийнхүү хятадаас гүйлгээний өвөрмөц хэрэгсэл зоос, мөнгө дорно дахины улс түмнүүдэд эхлэн дэлгэрч улмаар өрнө дахинд нэвтэрчээ. МЭ VIII зуунд Хорезм, Перс, Арабд зоосоор арилжаа хийх нь энгийн үзэгдэл болсон байв.
Нүүдэлч монголчуудын хувьд гүйлгээний хэрэгсэл нь зөвхөн мал төдий бус, мөнгө буюу гүйлгээний түгээмэл хэрэгсэл эрт нэвтэрснээр үл барам тэд овор сүртэй, хүнд жинтэй зоосны зэрэгцээ цаасан дэвсгэртийг алт, мөнгөн баталгаатайгаар гарган хэрэглэсэн нь тухайн үеийн нүүдэлчдийн нийгэм эдийн засгийн харилцаа, соёлын түвшинг илэрхийлэх баримт юм.
Эдүгээ дэлхийн олон улсаас монголын эзэнт гүрний үеийн зооснууд янз бүрийн хийц, хэмжээтэй алт, мөнгө, зэс, хүрэл зоос олдоод байгаа. Чингис хааны алтан динар, мөнгө, зэс зоосууд, Өгэйдэй хаан, Туркина хатан, Гүег хаан, Мөнх хааны нэр бүхий алт, мөнгөн нэн ховор зооснуудыг дурдаж болно. Түүнчлэн Алтан ордны улс, Цагаадайн улс, Юань улс, Иль хаант улсын алт, мөнгөн болон бусад төрлийн зооснууд үлэмжхэн хадгалагдаж үлдсэн нь монголын үеийн зоос мөнгөний цуглуулгын сан хөмрөгт томоохон байр эзэлдэг. Эдгээрээс Монголын Үндэсний музейн сан хөмрөгт буй зоосноос 3 зоосны талаар товч танилцуулж байна.
1. Аргун хааны мөнгөн зоос
Аргун Абага хааны хөвүүн. Аргун хааны үед Иль хаант улсад хэд
хэдэн томоохон хот байгуулжээ. Аргун хааны зоосон дээр нар, сар, бар, арслан,
бүргэд, шонхор зэргийг дүрсэлсэн байх нь цөөнгүй. Музейд хадгалагдаж буй уг
зоосыг 1285 онд Багдад хотод цутгасан 2 дирхэмийн мөнгөн зоос. Нүүрэн талд
монгол бичгээр “Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн” гэж бичсэн, нөгөө талдаа коран
судрын мөргөлийн үг Калимаг арабаар бичсэн.
2. Ил хаан Газаны мөнгөн зоос
Аргун хааны хөвүүн Газан Иль хаант улсын төрийн эрхийг 1295-1304
ог хүртэл барьж байв. Газан хааны үед олон төрлийн шинэчлэлийг хийсний нэг нь
мөнгөний бодлого, шинэчлэлт байв. “Зоосыг олсон хүн хайрлаад зарцуулчихаж
тэвчихгүй хадгалаад байхаар туйлын уран гоё хийгдсэн байх хэрэгтэй” хэмээсний
дагуу 1296-1297 оны үед анхны жигдрүүлсэн зоосны загвар зохиож, хуурамчаар
үйлдэж болохгүй тэмдэг, хааны нэр бүхий алт, мөнгөн зоосыг гүйлгээнд гаргаж,
сорьцыг нь байнгын хяналтад байлган чанд мөрдүүлж байв. Музейн цуглуулгад буй
Газан хааны 2-тын мөнгөн зоос нь бичиглэл, дүрс гаргац сайтай сайн чанартай
зоосны тоонд ордог. Зоосыг 1302 онд цутгасан, нүүрэн талдаа “Тэнгэрийн хүчин
дор, Газаны дэлдүүлсэн” хэмээх үгийг монголоор, “Газан Махмуд” гэж арабаар дунд
нь “Газан” хэмээн бичсэн. Зоосны ар талд коран судрын мөргөлийн үг Калимаг,
“Сэвийд цутгав” гэсэн үгийн хамт арабаар бичжээ.
3. Абу Саид хааны 6-тын мөнгөн зоос
Абу Сиад 1316 онд 12 насандаа Иль хаант улсын хаан ширээнд өргөмжлөгджээ. “Султан Абу Сиад бахадур” гэж нэршсэн тэрбээр монголын зоосны түүхэнд монгол хаадын он тоолол бүхий зоос гаргасан юм. Абу Сиад хааны 6-тын мөнгөн дирхэм нь Хааны тооллын 33-р он буюу 1335 онд гарсан. Зоосны өвөр талд “Бу Сиад” хэмээн хааны алдрыг монгол бичгээр бичиж хоёр талд нь арабаар “Аугаа их Султан Абу Сиад Бахадур хаан, бурхан түүний хаанчлалыг мөнхжүүлтүгэй”, хүрээний дотор талын тойрогт “Хааны 33-р онд цутгав” гэж бичсэн. Ар талдаа араб бичгийн эртний куфик хэлбэрээр коран судрын мөргөлийн үг Калима “Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммед бол аллахын элч, Бурхан түүнийг ивээтүгэй” гэсэн үгийг эвхэж зоосны ар талд тэг дөрвөлжин хүрээн дотор “Абу Бекр, Осман, Омар, Али” дөрвөн Халифын нэрийг тус тус бичсэн сонирхолтой зоос юм.