МАХН-аас нэр дэвшигчид  үнэмлэхээ гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 15:19:45

МАХН-аас Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа 24 хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ өнөөдөр гардлаа.

Аймгийн сонгуулийн хороо дээрх нэр дэвшигчдийг материалын бүрдэлт дутуу гэдгээр шалтаглан бүртгэхээс татгалзаад байсан юм. Тэд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаснаар хоёр ч шатны шүүх дамжиж  тус намаас нэр дэвшигчдийг бүртгэхээр болж аймгийн сонгуулийн хороо үнэмлэхийг олгожээ. МАХН-ын Дорнод аймгийн хорооны дарга Ж.Энхжаргал өнөөдөр нэр дэвшигчдэд үнэмлэхийг хүндэтгэлтэйгээр гардууллаа. Тэрээр “Сонгуульд өрсөлдөгчдийг хурдан морьдын уралдаантай зүйрлэвэл манай намаас нэр дэвшигчдээс бусад нь аль эрт гарааны зурхайнаас эргэсэн. Гэсэн ч бид араас нь нэхэн хөөж гүйцэд түрүүлэх болно” гэж байсан. Энэ үгэнд зоригжсон намын гишүүд, дэмжигчид сонгуулийн сурталчилгаагаа өнөөдрөөс итгэл төгс эхэллээ.

УИХ-ын сонгуулийн 15,14 дүгээр тойрогт МАХН-аас Ш.Ганболд, Ж.Энхжаргал нар нэр дэвшиж байгаа юм. Өчигдөр болсон тус намын Сонгуулийн нээлтэд МАХН-ын дарга Намбарын Энхбаяр ирж оролцов. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус намаас нийт 28 хүн өрсөлдөхөөр болж байна. 

Б.Туяа

                                                                                      

 

相关新闻