Халдвартай иргэнтэй ойр харьцсан хүмүүсийг тогтоох ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Иргэн О нь Улаанбаатар хотоос 19 хоногийн өмнө Ховд аймагт ирсэн бөгөөд гурав дахь удаагийн шинжилгээгээр коронавирусний халдвар илэрчээ.
Иймээс түүнтэй хамт явсан
гурван хүнийг тусгаарлан ажиглаж байна.
Одоогоор халдвар авсан иргэний орж, гарсан гэх долоон байршилд хамгаалалт гаргаж, ойрын хавьтал болсон иргэдийг олж илрүүлэх ажил эхэллээ.
Улмаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын хөдөлгөөний зураглалыг танилцуулж байна.
Заасан хугацаанд дараах газруудаар явж үйлчлүүлсэн иргэдийг гэрийн тусгаарлалтад байж, тодруулах зүйл байвал 7043-3801, 7743-7743 дугаарын утсанд холбогдохыг аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-аас анхааруулж байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хөл хорио тогтоож, аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг бүрэн хаасан.
Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, төрийн байгууллагуудын албан хаагчдыг 15 хүртэлх хувиар ажиллах шийдвэр гаргасан юм.
Цаашид Ховд
аймгийн хэмжээнд долоон бүсэд ариутгал халдваргүйтгэл хийх, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа
явуулж байгаа 88 дэлгүүр, худалдааны төвд төрийн албан хаагчдыг дайчлан халдвар
хамгааллын дэглэм сахиулах, хавьтагчдыг тогтоож, шинжилгээнд хамруулах зэрэг
хариу арга хэмжээг авч ажиллана.
Бүсийн
оношилгоо эмчилгээний төвийн
Халдвартын тасаг бэлэн байдалд байна. Аймгийн төвийн зочид буудлуудад
тусгаарлалт хийнэ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн байна гэж Ховд
аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.