Ховдод шинэ ургацын ногоо гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-10 12:29:05

Ховд /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн санхүүжилтээр Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хамт олон 160 мкв талбай бүхий өвлийн хүлэмжтэй болсон.

Улмаар тус коллежийн багш нар өвлийн хүлэмжид олон төрлийн нарийн ногоо тарьсан байна.

Тодруулбал, энэхүү ажлыг хүлэмжийн аж ахуй, фермерийн багш Н.Баатарсүрэн, А.Махмед, доктор М.Мөнхжаргал, Д.Энхгэрэл, Т.Оюунбилэг нар хариуцан гүйцэтгэжээ. 

Тэд бууцаа, юуцай болон 3-4 төрлийн байцааны сорт тарьж, энэ оны хоёрдугаар сарын 27-нд анхны ургацаа хураан авсан аж.  

Энэ бол Ховд аймгийн 2021 оны хамгийн анхны шинэ ургацын ногоо байлаа гэж Хөгжил политехник коллежоос мэдээллээ.

Тус сургууль нь 1000 гаруй суралцагчтай. Иймээс хүлэмжтэй болсноор газар тариалангийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад дадлагын хичээл зохион байгуулж, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна.

Одоогийн байдлаар дахин улаан лооль, өргөст хэмх, чинжүү зэрэг хүнсний ногоо тарихаар төлөвлөж, үрслэгээ бэлтгэн, талбайд шилжүүлэн суулгахад бэлэн болгожээ. 

  

相关新闻