С.Эрдэнэ: Дундаж тэтгэврийн хэмжээ 306 200 төгрөгт хүрсэн
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйгээр инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийн хэмжээг нэмэхээр заасны дагуу нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2014, 2015, 2016 онд 3 удаа нэмэгдүүллээ гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2012 онд 180 300 төгрөг байсан бол 2016 онд 251 000-д хүрч 40 хувиар нэмэгджээ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 49 хувиар нэмэгдэж, 216 000 төгрөгт хүрсэн байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 306 200 төгрөг болж 38 хувиар нэмэгдсэн. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн хэрэгжсэн гэдгийг С.Эрдэнэ сайд онцоллоо.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны 6 дугаар сарын 1-ээс 35 хувиар нэмж 140 000, Асаргааны тэтгэмжийг 33 хувиар нэмэгдүүлж 64 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.