Буудлага спортын шилдгүүд эхнээсээ тодорч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМБАТ-ий спортын 14 дүгээр наадмын буудлага спортын тэмцээний эхний өдөр зохион байгуулсан дасгалуудын алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорлоо.
Хийн урт бууны эрэгтэй дасгалд нийт 45 тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байрт ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ /Орхон аймаг/ шалгарч алтан медаль хүртсэн бол ОУХМ Д.Ганзориг /Алдар/, СМ Т.Хаш-Эрдэнэ /ТСТөв/ мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Хийн урт бууны эмэгтэй дасгалд 42 тамирчин цэц мэргэнээ сорьсноос ОУХМ Г.Нандинзаяа /Замчин/, СМ Э.Энхмаа /ТСТөв/, ОУХМ Ч.Нарантуяа /Алдар/ нар алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ. Энэ дасгалд 420,7 оноогоор ОУХМ Г.Нандинзаяа / Замчин / Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бол СМ М.Түвшинжаргал / Аврагч/ буудлага спортын ОУХМ-ын болзол хангасан байна.
Харин 50 метрийн сонгомол гар бууны дасгалд 22 тамирчин оролцож аваргын алтан медалийг ОУХМ Э.Даваахүү /Алдар/ хүртсэн бол СМ Г.Буянбаатар, СМ Ш.Буянзаяа /хоёул Аврагч клуб/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Д.Өлзий