Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол түмнийхээ түмэн амгаланг айлтгаж, ардын хувьсгалын өлгий, амуу
тарианы эх нутгийн эзэд Сэлэнгэ сайхан нутгаар овоглодог болон ажил,
амьдралаараа холбогдсон нийт иргэддээ үндэсний уламжлалт сар шинийн баяр, XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний
мэндийг дэвшүүлэн мэндчилье ээ.
Цаг
хугацааны урсгалаар халаагаа өгч буй Хулгана жил Сэлэнгийнхэн төдийгүй монголчууд, улмаар дэлхий нийтээс ихээхэн тэсвэр тэвчээр шаардсан, дэг журам
сахиулсан амаргүй жил байсан хэдий ч төрийн ажил алба тасралтгүй үргэлжлэх
зарчмын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон
Тэргүүлэгчдийн хуралдааныг цаг тухай бүр цахим хэлбэрээр зохион явуулж, аймгийн
ирэх 4 жилийн бодлого зорилтыг тодорхойлсон, эдийн засаг, нийгмийн бүхий л
хүрээг хамарсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ажилласаар Үхэр жилтэйгээ
золгож байна.
Улирч буй хулгана жилд аймгийн ИТХ-ын хуралдааныг 3 удаа
бэлтгэлийг ханган хуралдуулж, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, ажил
амьдралын тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн өнгөрсөн
хугацаанд аймгийн ИТХ-ын чөлөө цагт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 3 удаа хуралдаж
16 асуудал хэлэлцэн 15 тогтоол батлан гаргасан байна.
Монгол Улсын тусгаар улс болон ялан мандахаас
эхлэн хөгжин бэхжих түүхэн үйл явц бүрт манлайлан оролцож, тэргүүлэх үүргийг
гүйцэтгэж яваа хөдөлмөрч, бүтээлч Сэлэнгийнхэн та бидэнд түүхэн он
цаг учирч байгаа нь Ардын хувьсгалын 100 жилийн ой, аймаг байгуулагдсаны түүхт
90 жилийн ой давхцан тохиож буй ховор завшаант үйл явдал билээ. Ардын
хувьсгалын өлгий нутаг, ахмад партизан цэргүүдийн үр хойч, голомт болсон
Сэлэнгийнхэн бид түүхэн тэмдэглэлт энэхүү ойдоо иргэн бүр сэтгэл зүтгэл, хүч
хөдөлмөр, мэдлэг чадвараа шингээн ажил үйлсээрээ манлайлан хичээж, амьдрал
ахуйгаа дэвжээж, хүүхэд залуусдаа төрт улс, тусгаар тогтнол, эрх чөлөөг
эрхэмлэн таниулж, өнгөрсөн үеэсээ суралцах, хүндэтгэх, бахархах ухамсар
сэтгэлгээг төлөвшүүлэн оюун санааны болон бүтээн байгуулалтын ажил ундарсан жил
болгон тэмдэглэхийг уриалж байна.
Угтан ирж буй Төмөр Үхэр жилд өмнөх онд олсон амжилт
ололтоо бататган иргэн бүр хүчин чармайлт гарган хичээн ажиллаж Ардын
хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойдоо хувь нэмрээ
оруулна гэдэгт итгэж байна.
Элгэн садан монгол ахан дүүс та бүхэндээ гарч буй “Цөөвөр”
хэмээх Төмөр Үхэр жилийн сар шинийн мэндийг дахин хүргэж, Монголын уламжлалт
цагаан сарын баяраар ураг төрөл, ахмад үе, өтгөс буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг
уламжлалт зан үйлсээ дээдлэн цахимаар золгож, сар шинэдээ сайхан шинэлж нийт Монголчууд,
Сэлэнгэ түмний маань хишиг буян арвин, хийморь лундаа тэгш дүүрэн, эрүүл энх
байж буян заяа нь дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.