Улаанбаатар хотод тусгаарлалтад байсан иргэдийг татан авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-05 15:22:56

Ховд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагаа холбогдох журмын дагуу Ховд аймагт үргэлжилж байна.

Өнөөдөр  аймгийн Онцгой комисс хуралдаж,  цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, Ховд аймагт коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан  энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тусгай нислэгээр Улаанбаатар хот руу 40 гаруй иргэнийг буцааж, Баянгол дүүрэгт байрлах "Эрхэс" зочид буудалд тусгаарласан. Эдгээр иргэнийг татан авах асуудлыг албаныхан хэлэлцэв. 

Өнгөрсөн хугацаанд эдгээр иргэнийг хоёр удаагийн давтан шинжилгээнд хамруулахад хариу бүгд сөрөг гарсан учраас ХӨСҮТ-өөс тэднийг буудлаас гэрийн ажиглалтад гаргахаар шийдвэрлэсэн байна. 

Хэрэв Улаанбаатар хотод гэрийн ажиглалтад гаргавал халдвар авах эрсдэл өндөр учраас аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб хуралдаж “Эрхэс” зочид буудлаас шууд Ховд аймаг руу татан авах ажлыг зохион байгуулж байна.

Тусгаарлалтад байсан иргэдийг тээвэрлэн ирж буй автобус өнөө өглөө орон нутгийн цагаар 10:00 цагт Улаанбаатар хотоос гарчээ.

Ховд аймагт ирэх үеэр нь тэднийг дахин PCR шинжилгээнд хамруулна. Шинжилгээний хариу гарах хугацаанд нэг хоног тусгаарлахаар бэлтгэл ажлаа хангаад байна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

相关新闻