Ц.Ганхуяг: Хийсэн зүйл маань үйчлүүлэгчид таалагдаж, баярлавал би ч бас дагаад л баярладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/ Монголчуудын өв
соёлыг тээж, түүнийг хүмүүст хүргэж, ур ухаанаа гарган урласан бүтээгдэхүүнээрээ
олонд танигдаж, хүндлэгдэж явна гэдэг ховор тохиол билээ.
Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Бурхан ухаантай дархчуудын нэг Ц.Ганхуягтай ярилцлаа.
-Ээмэг, бөгжнөөс
эхлээд алт, мөнгөн эдлэл хийлгэх гэсэн хүн бүхэн л “Мандал” худалдааны төвийг
зорьдог. Тус төвийн гурван давхарт байрлах энэ л өрөөндөө олон жил ажиллаж
байна. Хэзээнээс алт, мөнгөний дархны ажлаа эхэлсэн бэ, бизнесээ эхэлж байх
үеийн түүхийг сөхвөл?
-2000 оноос хойш л энд ажиллаж байна. Одоо хорь гаруй жил
болж байна даа. 1999 онд анх МСҮТ-ийн Алт, мөнгөний дархны дамжаанд гурван сар
суралцаад дараа нь Б.Мөнх-Оргил багшийгаа нэг жил дагалдаж, суралцсан. Тэгээд л
алт мөнгөний дархны ажлаа бие даан эхэлж байлаа. Багш маань одоо Улаанбаатар
хотод ажлаа хийж байгаа.
Мэдээж сонирхол байж гэмээнэ л энэ ажлаа үргэлжлүүлнэ шүү
дээ. Их тэвчээр, ур ухаан шаарддаг. Багаасаа л аавыгаа дагаж, янз бүрийн зүйл
хийж явсаар гарынхаа ураар, ухаанаар амьдрах тэр хүсэл, эрмэлзлийг олж авсан
гэх үү дээ.
Тэгж л ур, ухаанаа бүтээл болгоод, түүнийг нь хүн
хэрэглэж байгааг харахын жаргалыг анх мэдэрсэн гэх үү дээ. Ер нь бол хийсэн
зүйл маань хүмүүст таалагдаад, баярлаж байгааг нь хараад би өөрөө дагаад л
баярлачихдаг юм. Хүнийг баярлуулахын жаргал гэж тэр байх.
Боловсролын хувьд би наймдугаар анги төгссөн хүн шүү дээ.
Дэлгэрцогт сумын уугуул. Гэхдээ аймгийн төвд сургуульд сурч байсан.
-Аав тань таныг
олонд хүндлэгдсэн дархан хүн болоход нөлөөлсөн байна шүү дээ. Аавынхаа тухай
дурсахгүй юу? Таны удамд уран, дархан хүмүүс байдаг уу?
-Миний аавыг Д.Цэмбэ гэдэг. “Торгон Цэмбэ” гэхээр
Дундговийнхон андахгүй. Аав маань гарын ур дүйтэй, юм юм л хийдэг хүн байсан. Би
бага хүү нь болохоор бас сайн мэдэхгүй байж болох юм.
Гэхдээ аавыгаа дагаж ихийг сурсан. Гэрийн мод их сайхан
эрээлдэг хүн байлаа. Би аавтайгаа олон айлын гэрийг эрээлж байсан. Мөн зэс,
гуулиар эмээлийн хяр хийдэг, монгол гутал, буриад гутал хийдэг байсан. Аав минь
миний амьдралын очийг бадрааж өгсөн хүн юм.
Манай удамд уран, дархан хүмүүс байсан гэсэн. Бурхан
цутгадаг, мөнгөн аяга, эмээл урладаг байсан гэж ярьдаг юм. Тэгэхээр бас удам
дамждаг байх гэж боддог шүү.
-Таны зах зээл зөвхөн
Дундговиор хязгаарлагдахгүй байх. Үйлчлүүлэгчдийнхээ тухай, бүтээгдэхүүнийхээ
тухай ярьж өгөөч?
-Хол ойрын олон хүн үйлчлүүлдэг. Дундговьд миний хийсэн
бүтээгдэхүүн олон байгаа даа. Ээмэг, бөгж, бугуйвч гээд л эмэгтэй хүний гоёл чимэглэлийн
зүйлс, эрэгтэй хүмүүс ч бөгжнөөс өгсүүлээд л хийлгэдэг.
Аяга, эмээл, хормойн боолт, хазаар, ташуур гээд л ахуйн
хэрэглээний эд зүйлүүд хийлгэнэ. Ер нь бол үйлчлүүлэгчийнхээ хүссэнээр л
чанартай хийхийг боддог.
Энгийн үед бол хүн тасарна гэж үгүй, харин баяр ёслолын
үеэр бол бүр бүчээд авдаг юм. Манай монголчууд чинь уламжлал, ёс заншлаа
гээдэггүй, түүнийгээ өвлөөд аваад явдаг мундаг ард түмэн юм даа гэж санадаг.
Сүүлийн үед тэр нь бүр ч их мэдрэгддэг болж байна.
Хэрвээ үйлчлүүлэгч маань хуучны хэв загвараар ээмэг
хийлгэх бол тэр хүслээр нь л хийж өгнө, гар хийцний аяга захиалвал түүгээр нь л
болно. Сүүлийн үеийн загвараар хийлгэнэ гэвэл түүгээр нь хийж өгнө. Хүн
бүрийн сонирхол өөр өөр байдаг шүү дээ.
Зарим нь хямд хийлгэхийг хүснэ, зарим нь гар хийцний ур
шаардсан байхыг чухалд үзнэ гэдэг ч юм уу, үйлчлүүлэгчид маань их олон янз байх
жишээтэй.
Тэгээд энд тэнд болсон үзэсгэлэн худалдаанд оролцож,
бүтээгдэхүүнээ зарж борлуулж, сурталчилдаг. 2016, 2017 онд хоёр жил дараалан
Орос, Монгол, Хятадын экспо үзэсгэлэнд оролцсон. Аймгийнхаа Түншлэл-үзэсгэлэн
худалдаанд тогтмол оролцдог. Энэ мэтээр үйлчлүүлэгчдээ татдаг даа.
-Танай
бүтээгдэхүүний онцлог нь юу байдаг бол, өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнүүдээс онцгой
гэснийг нь танилцуулаач, үнэ ханш нь ямар байдаг вэ?
-Бидний хийсэн аяга гэхэд л тоогоо алдсан. Бүтээгдэхүүний
онцлог гэвэл “чанар” л юм даа. Чанартай, үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд нийцсэн сайхан
бүтээл хийнэ гэдэг л миний ганц, бодож, хичээж явдаг зүйл байгаа юм. Зарчим ч
гэх юм уу.
Ер нь ийм хатуу эдлэл, их үнэ цэнээр бүтсэн зүйлийг
хүмүүс үр хүүхэддээ өвлүүлж үлдээдэг. Тийм болохоор энэ хийсэн зүйл маань устаж
алга болно гэж байхгүй, өв соёлоо хадгалаад л өвлөгдөөд явах байх. Энэ л
бүтээгдэхүүний маань гол онцлог юм уу даа.
Хамгийн сүүлд идээний цар хийсэн. 48 см-ийн диаметртэй,
битүү хээтэй. Ер нь бол битүү хээтэй аяга хийхэд гурван сарын хугацаа бараг
шаардана. Их ч хөдөлмөр орно.
Тиймээс гар хийцийн эд зүйл илүү үнэтэй. Тухайлбал, дунд
гарын гар хийцийн мөнгөн аяга гэхэд 2,0-3,0 сая төгрөгөөр үнэлэгддэг байхад
үйлдвэрийн аяга 250,0 мянган төгрөг байх жишээтэй.
-Хэдүүлээ ажилладаг
вэ, та өөрөө багштай байсан хүн. Өөрөө одоо багш болж, залуучуудад энэ өв
соёлоо зааж, сургаж байна уу?
-Бид нар одоо дөрвүүлээ ажилладаг. Хоёр хүн маань яг
мөнгөн аягаа дагнаж хийдэг. Энэ хүмүүсээ
сургаад, хамтраад ажиллаж байгаа нь сайхан санагддаг юм.
Цаашдаа алт мөнгөний дархан болох сонирхолтой, хүсэл,
эрмэлзэлтэй залуучууд байвал сургахад бэлэн байна. Юу чадна, түүгээрээ бусдад
тус дэм болохыг л хүсч явдаг.
-Монгол өв соёлоо
тээж, түүнийгээ хөгжүүлнэ гэдэг бас их сэтгэл, хичээл зүтгэл байх гэж боддог.
Хийж байгаа бүтээлийнхээ зургийг хэрхэн яаж гаргадаг, хаанаас санаа авдаг вэ?
-Өвөг дээдэс маань бидэнд асар их үнэ цэнтэй өв соёлыг
үлдээж, өвлүүлсэн байдаг, бид их азтай хүмүүс шүү. Хуучны хийцтэй эдлэлийг
харж, түүнээс санаа авах нь бий. Үйлчлүүлэгч маань яг ямар хийц, загварыг
сонирхож байна, түүнд нь тааруулаад л зургаа гаргадаг.
Миний хийсэн зүйлийг хүмүүс эдэлж, хэрэглэж байгааг харах
үнэхээр сайхан. Монгол ахуй, монгол өв соёл гэдэг маань үнэхээр бидний бахархал
юм шүү дээ. Түүнийгээ эзэмшиж, зөв эдэлж, хэрэглэж сурах нь л бидний үүрэг
болоод байх шиг байна.
Тэгэхээр өв соёлоо хайрлан хамгаалж, эцэг өвөгдөөсөө
сурч, өвлөж авч үлдэх нь бидэнд маш чухал гэдгийг л илүү их мэдэрч байгаа шүү.
-Өв
соёлоо тээж, түүнийгээ өөрийнхөө бүтээл бүрт шингээн урлаж байгаа танд
баярлалаа. Ажилд нь амжилт хүсье!












