БНХАУ-ын Жилинь муж руу дундын зуучлагчгүйгээр самар экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-04 17:41:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны байгалийн баялаг самрыг дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах боломж байна. Самрын экспорт нь манай улсад уул уурхай, мал аж ахуйн түүхий эд болох ноос, ноолуур болон махны дараа ордог, уул уурхайн бус экспортод тооцогддог байна. 

Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт, Уул уурхайн бус экспортыг дэмжин хөгжүүлэхэд хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог нэвтрүүлнэ гэж тусгасныг МҮХАҮТ талархан хүлээн авч, өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нд ААН-үүдийн дунд самрын нэгдэл буюу хамтарч ажиллах кластерыг байгуулаад байна. Үүнд манай улсад самар бэлтгэн экспортолж буй 20 гаруй үйлдвэр, 11 ААН эхний ээлжинд нэгджээ. 

Улмаар 10 дугаар сарын 28-нд самар бэлтгэн боловсруулагч, экспортлогч ААН-үүд болон БОАЖЯ, МХЕГ, Стандарт хэмжил зүйн газар, ЦЕГ, Самарчдын холбоо оролцсон уулзалт хийж, хамтарсан Ажлын хэсэг байгуулж, самрын салбарыг хөгжүүлэх 3 жилийн төлөвлөгөө гаргасан талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэллээ. Ажлын хэсгээс самрыг олон улсын зах зээлд гаргаж борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ААН-үүд дундын сан байгуулахаар болжээ. 


Манай улс дотооддоо их хэмжээний самар бэлтгэн нийлүүлж буй ч самрын худалдаанд дундын зуучлагч оролцсоноор үндсэн ашиг гадаад зах зээлд шилжиж байна гэж үзэн ийнхүү дундын сан байгуулах санал гарчээ. Тодруулбал, манай улсын бэлтгэсэн самрын дийлэнх хэсэг буюу 80 гаруй хувь нь БНХАУ-ын Жилинь мужид гардаг байна. 

Тиймээс тус мужийн ААН-үүдтэй дундын зуучлагчгүйгээр шууд харилцаж олон улсын жишигт нийцсэн худалдааг явуулбал Монгол Улсад ашигтай байх нөхцөл бүрдэнэ гэж МҮХАҮТ үзсэн байна. Энэ талаар Жилинь мужийн Худалдааны танхимынхантай цахимаар уулзаж, хоёр орны хооронд олон улсын худалдааны зарчмаар ил тод худалдаа хийхээр тохиролцжээ. 


МҮХАҮТ-аас явуулсан судалгаагаар, манай улсаас их ургацын жилдээ 100 сая ам.долларын самар, 8-10 мянган тонн самрын чөмөг БНХАУ-д гардаг байна.  



Манай улсад самрыг орон нутгийн иргэд түүж, бэлтгэн цайруулаад дам худалдаачид кг тутмыг 10 мянган төгрөгөөр нийлүүлдэг. Үүнийг нь БНХАУ-д 95 хувь цэвэрлэн боловсруулж АНУ, Европын зах зээлд кг-ыг нь 162 мянган төгрөгөөр дахин экспортолдог байна. Ингэснээр Монголоос гаргаж буй самрын ашиг гадаад руу гарч, манайд самрын боловсруулалтыг хөгжүүлэх, энэ салбарыг авч явах боломж үүсдэггүй байна. 


Манай улс жилдээ 8000-10000 тонн самар экспортлох боложтой. Самар нь нэмүү өртөг шингээснээр 16 дахин үржигддэг бүтээгдэхүүн аж. 


Самрын худалдааг цэгцэлж, зохион байгуулалтад оруулснаар монголчууд байгалийн бас нэг баялгаасаа ашиг хүртэх өгөөж илүү нэмэгдэнэ. Самрын худалдааг ил тод, шуурхай болгож, самрын боловсруулалтын дундын сан байгуулж самрын кластерыг хөгжүүлэхэд МҮХАҮТ дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Дундын санд ААН-үүд нийт борлуулалтын дүнгийн 7 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нэгтгэн байршуулахаар болжээ. 



Манай улс хуш модны самрын нөөцөөр арвин, 120.8 шоо метр байдаг. Самар нь 3 жил тутамд нэг удаа их хэмжээгээр ургадаг онцлог түүхий эд юм. Хушан ой нь экологийн эмзэг системтэй байдаг тул нөхөн сэргээх шаардлагатай байдаг аж. 


Манай улс эхний ээлжинд самрын бэлтгэлийнхээ 20 хувийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингээн гаргахаар төлөвлөж, цаашид 30-50 хувийг экспортлох аж. Самар нь гадаад зах зээлд кг нь 12 ам.доллар, гол түүхий эд чөмөг нь кг нь 35-40 мянган төгрөг, цааш дахин боловсруулахад олон улсын зах зээл дээр 55-79 мянган төгрөг, АНУ, Европын орнуудад болон Японд бөөний үнээр 162-320 мянган төгрөгт хүрдэгг байна. Тодруулбал, олон улсын зах зээл дээр 70 граммаар уутлан савласан самрын чөмөг нь дунджаар 9-16 ам.долларын үнэтэй байдаг. Самрын хальсыг ашиглах, чөмөгнөөс нь тос гаргах зэргээр боловсруулалтын эхний шатанд 3 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байна. 


Монголын ААН-үүд нэгдэж самрын кластер байгуулсан тухай мэдээ гарсны дараа БНХАУ-ын ХАА-н түүхий эдийн бирж дээр самар кг нь 128 юань байснаа үнэ нэмэгдэж 144 юань болжээ. Манай улс олон улсын самрын зах зээлийн 10-15 хувийг нийлүүлдэг учир энэ салбарын зах зээл дээр нөлөө бүхий тоглогч болох боломжтой аж. 


相关新闻