Гамшиг осол, гал түймрийн дуудлага 50 хувиар буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-28 16:17:34

Ховд /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, холбогдох норм, дүрмийн хэрэгжилтийг хангах, стандартыг мөрдүүлэх зорилгоор Ховд аймгийн Онцгой байдлын газраас энэ онд төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулжээ.

Тодруулбал, хяналт шалгалтын явцад гэр хорооллын 3065 айл өрх, 216 аж ахуйн нэгж, байгууллагад давхардсан тоогоор 8961 зөрчил илэрсэн. Улмаар 4321 зөрчлийг газар дээр нь арилгажээ. Мөн бусад зөрчлийг арилгах зорилгоор гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлага 156, мэдэгдэл 89, танилцуулга 28, дүгнэлт 124 тус тус гаргаж, холбогдох байгуулагын дарга, эрхлэгч нарт хүргэн ажиллажээ. Ийнхүү хяналт шалгалтын үр дүнд аймгийн хэмжээнд гарч буй гамшиг осол, гал түймрийн тохиолдол 50 хувиар буурсан аж.   

Өөрөөр хэлбэл, энэ онд Ховд аймагт ой хээрийн гал түймэр хоёр, обьектынх 54 удаа гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 50 хувиар буурсан үзүүлэлт гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.   

相关新闻