Дөрвөн шинэ төслийг дэмжиж 10 сая төгрөгийн санхүүжилт олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн үйл ажиллагааг анх удаа цахимаар зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, “Start up Монгол” ТББ хамтран энэ сарын 18-21-нд зохион байгуулсан бөгөөд нийт 66 иргэн бүртгүүлжээ. Үүнээс эхний шатны сонгон шалгаруулалтад 33 иргэн шинэ бизнес санаагаа танилцуулав. Улмаар хоёр дахь шатанд 12 иргэн бизнес санаагаараа өрсөлдөх эрх авчээ. Ингээд оролцогчид багаар ажиллаж, бизнес санаагаа хөгжүүлэн өрсөлдсөн аж.
Үүний үр дүнд Жаргалант
сумын иргэн Б.Хэрлэнгийн "Ховд буйдан", Н.Наранчимэгийн "Бэлтгэсэн
мах боловсруулалт, түгээлт", Б.Нинжбадгарын "Гэр бүлийн
салон" цогц үйлчилгээ, Э.Даваадалайгийн "3D
сийлбэр" гэх дөрвөн төсөл
шалгарч, тус бүр хүүгүй, барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй
10 сая төгрөгийн санхүүжилт авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр залуу үеийнхэн багаар ажиллах арга зүйд суралцаж, цаашид хувийн бизнесээ шинээр эхлэх, өргөжүүлэх боломж бүрдсэн байна.