Аймгийн нутаг дэвсгэрийн 85 хувьд зудын нэн их эрсдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган, зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргажээ. Зудын эрсдэлийн зургаас үзвэл Баянхонгор аймгийн нийт нутгийн 85 гаруй хувьд нэн их эрсдэлтэй, 15 орчим хувьдаа их эрсдэлтэй гарсан байна.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашигласан байна.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, наймдугаар сарын 20 гэхэд нийт нутгийн 55 гаруй хувьд дунд, 45 орчим хувьд муу үнэлгээтэй байжээ. Харин 2020 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар Баянхонгор аймгийн нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаагаас хангайн уулархаг нутаг болох Байдраг, Заг, Галуут, Гурванбулаг, Эрдэнэцогт, Шаргалжуут, Бөмбөгөр, Баянхонгор, Өлзийт, Хүрээмарал, Бууцагаан зэрэг суманд 3-12 см зузаан, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, нягт нь 0.05-0.17г/см3, харин говийн сумдаар Баян-Өндөр, Шинэжинстэд 1-2 см цастай, бусад сумын нутгаар цасгүй байгаа аж.
Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор аймгийн 55 хувьд дунд, 45 хувьд муу байсан ба өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин буюу 500 дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа, түүнчлэн 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн цас ахиу орсон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3-12 градусаар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.