В.Путиний хэвлэлийн хурал өнөөдөр болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Жил бүр зохион байгуулагддаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн хурал пүрэв гарагт буюу өнөөдөр болно. Сэтгүүлчид энэ хурлыг хэвлэлийн их хурал хэмээн нэрлэж заншжээ.
Хурал коронавирусний цар тахалтай холбоотой хязгаарлалтын улмаас харилцаа холбоо-видео хэлбэрээр явагдана. Үүнээс гадна шууд холбогдож, төрийн тэргүүн иргэдийн асуултад хариулах юм.
Энэ жилийн арга хэмжээ ямар онцлогтой болох талаар В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр В.Путин Ново-Огарево дахь ордондоо байж, сэтгүүлчдийн асуултад хариулна. Шууд холбогдох үеэр тавигдах асуултуудыг тусгай цахим хуудас, гар утасны хавстралтуудаас сонгон цуглуулах аж. Үүнд Бүх Оросын ардын фронтын сайн дурынхныг дайчилна.
Энэ жил иргэд ерөнхийлөгчид тавих асуултаа текст хэлбэрээр төдийгүй бичлэг хийх зэргээр мультимедиа хэлбэрээр явуулах боломжтой. Ерөнхийлөгчид тавих асуултуудыг арга хэмжээ явагдаж дуустал хүлээж авах аж.
Хязгаарлалтын шинэ боломжууд
Холбооны хийгээд гадны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн
сэтгүүлчид Москва хот дахь Олон улсын худалдааны төвд цугларна. Бүс нутгийн
сурвалжлагчид өнгөрсөн жилүүдэд арга хэмжээнд оролцохоор нийслэл хотыг зорин
ирдэг байсан бол энэ удаад байгаа газраасаа ажиллах боломжтой аж. Ингэхийн тулд
арга хэмжээг зохион байгуулагчид Тула, Санкт-Петербург, Ставрополь, Доод
Новгород, Екатеринбург, Новосибирск, Владивосток хотуудад ажлын талбар
бүтээжээ. Хэвлэлийн хуралд нийт 774 сэтгүүлч оролцохоос 237 нь Олон улсын
худалдааны төвд байх аж.
Хэвлэлийн хурлын үеэр “А4”-өөс илүү хэмжээтэй зурагт хуудас ашиглах нь гэрэл зурагчин, операторын ажилд саад болдог учир ийм зүйл ашиглахгүй байхыг төрийн тэргүүний хэвлэлийн албанаас хүсжээ.
Арга хэмжээг "Россия-1", "Россия-24", Первый канал, “НТВ”, "Мир" телевизүүдээс гадна "Маяк", "Вести ФМ", "Радио России" радиостанцууд шууд дамжуулах аж.
В.Путиний
хэвлэлийн хурлын дээд амжилтууд
Ерөнхий сайд байх үеэрээ буюу 2008-2012 онд алгасаж байсныг эс тооцвол В.Путин уг хэвлэлийн бага хурлыг 2001 оноос хойш жил болгон тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.
В.Путиний
сэтгүүлчидтэй хийж байсан анхны уулзалт 2001 онд болсон. Энэ уулзалт хамгийн
богино хугацаанд буюу 1 цаг 35 минут үргэлжилж байсан бол 2008 онд хамгийн урт
буюу 4 цаг 40 минут үргэлжилжээ.
2004 оноос хойших
уулзалтууд дор хаяж 3 цаг үргэлжилж байсан бол 2019 онд болсон хэвлэлийн хурлын үеэр төрийн тэргүүн 57 хэвлэлийн төлөөлөгчийн асуултад хариулж, 4 цаг 18 минутын турш сэтгүүлчидтэй ярилцжээ.
В.Путиний 2001 онд
болсон анхны хэвлэлийн хуралд 500 гаруй сэтгүүлч оролцох эрхээ авч байсан бол
удалгүй сэтгүүлчдийн тоо 2002, 2003 онд 700 орчмоос 2008 онд 1364 болж
тогтвортой нэмэгджээ. В.Путин ерөнхийлөгчийн албыг гурав дахь удаагаа хаших
үеэр болсон хэвлэлийн хурлуудын үеэр магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлчдийн тоо
1250-аас буугаагүй байна.