И.Маск шинээр нам байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-06 09:45:42

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” гэдэг нэртэй нам байгуулахаар шийдсэнээ зарлан мэдэгдлээ.


Тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Та бүхэнд эрх чөлөөг тань эргүүлэн авчрахын тулд өнөөдөр Америкийн нам байгуулагдлаа” гэжээ.  


АНУ-ын үндэсний баяр болох Тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн И.Маск “Америкийн намыг бид байгуулах ёстой юу?” гэсэн асуулт бүхий санал асуулгыг эхлүүлсэн бөгөөд нэг хоногийн дотор 1,3 сая орчим хүн саналаа өгсөн байна. Оролцогчдын 65 хувь нь “хоёр намын тогтолцооноос үл хамаарах” үзэл санааг дэмжжээ.


“2:1 гэсэн харьцаатай боллоо, хэрвээ та бүхэн шинэ намыг хүсэж байгаа бол шинэ нам байгуулагдах болно, үрэлгэн зардал, авлигаас үүдэн манай улс дампуурч байгаа бол бид ардчилсан тогтолцооны үед бус харин нэг намын тогтолцооны үед амьдарч байна гэсэн үг” гэж Маск мэдэгдсэн байна.


Ерөнхийлөгч Д.Трамп татварын тухай болон өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай “том бөгөөд гайхалтай” хуулийг баталсны дараа дээрх санал асуулгыг явуулжээ. Уг хуулийг И.Маск хатуу шүүмжилсэн нь тэрбээр Ерөнхийлөгчтэй муудалцах гол шалтгаан болжээ.


Маскийн эзэмшлийн Tesla болон бусад компанид төрийн зүгээс татаас өгч байсныг шалгана гэж Д.Трамп өнгөрсөн мягмар гарагт сүрдүүлсний дараа тэдний харилцаа улам хурцадсан юм. Ерөнхийлөгч Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Түүхэнд хамгийн их татаас авч байгаа хүн бол Илон Маск. Ийм дэмжлэг байгаагүй бол тэр хүн мухлагаа хаагаад Өмнөд Африк руугаа явах байсан. Цаашдаа ямар ч пуужин, хиймэл дагуул хөөргөхгүй, цахилгаан автомашин үйлдвэрлэхгүй байвал манай улс их хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэхсэн” гэжээ.


ӨАБНУ-д төрж өссөн Маскийн эзэмшилд Теслагаас гадна SpaceX компани, хиймэл дагуулын холбооны Starlink компани байдаг.  


Трамп, Маск хоёрын сөргөлдөөний улмаас Теслагийн хувьцааны ханш хэлбэлзсэнээс гадна тэдний хэрүүл маргаан нь Бүгд Найрамдах намынхны санааг зовоож байна. Учир нь, 2026 онд болох парламентын сонгуулиар тус нам Конгресс дахь олонхын байр сууриа алдах вий гэсэн болгоомжлол бий болжээ.  


Ерөнхийлөгч Д.Трампын сонгуулийн кампанит ажлыг дэмжиж 300 сая долларыг хувиасаа гаргаж байсан И.Маск засгийн газрын үйл ажиллагааны үр ашигтай байдлыг хангах газрыг /DOGE/ удирдахдаа төсвийн зардлыг бууруулах, хэмнэх асуудлыг хариуцаж байсан юм.

 

 

 

相关新闻