“Мөнх тэнгэрийн бичиг, сайхан бичигтэн-2020” уралдааны дүн гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-16 23:20:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Номын сангаас “Монгол бахархал”-ын өдөрт зориулан “Мөнх тэнгэрийн бичиг, сайхан бичигтэн-2020” уралдааныг төрийн албан хаагчдын дунд анх удаа зохион байгуулжээ.

Уралдааны материалыг хүлээн авч, “Монгол бахархал”-ын өдрөөр шалгаруулах байсан хэдий ч тухайн үед Монгол Улс даяар бүх нийтийн бэлэн байдал зарласан байсан тул шалгаруулалтыг хойшлуулж 12 дугаар сарын 15-нд дүнгээ гаргасан байна.

Уралдаанд 70 төрийн албан хаагч бүтээлээ ирүүлснээс шилдэг 10 бүтээлийг шалгаруулсан байна. Шүүгчээр Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэн, зөвлөх багш Э.Тогоохүү, аймгийн Төв номын сангийн захирал Ц.Одончимэг, номын санч А.Эрдэнэтуяа нар ажиллаж, ирсэн бүтээлүүдийг шалгарууллаа. 

Тус уралдааны тэргүүн байрт Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш Б.Амартайван, "Хүмүүнлэг" сургуулийн багш Б.Цэцэгсүрэн нарын ирүүлсэн бүтээл шалгарсан бол дэд байрт "Хүмүүнлэг" сургуулийн сургалтын менежер Н.Баттунгалаг, "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн багш Б.Догмидцэрэн нарын бүтээл оржээ.

Гуравдугаар байрыг мөн "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн багш Г.Бадамчимэг, тус сургуулийн багш Б.Жавзанпагма, Баянжаргалан сумын Соёлын төвийн ажилтан П.Одончимэг нарын бүтээл эзэлсэн бол тусгай байрт ЭМГ-ын ажилтан Б.Саруулцэцэг, "Хүмүүнлэг" сургуулийн багш Н.Батчимэг, Сайхан-Овоо сумын ЕБС-ийн багш Г.Болортуяа нарын ирүүлсэн бүтээл тус тус шалгарсан байна.

Оролцогчид Б.Ринченгийн “Монгол хэл” шүлгийг монгол бичгээр бүрэн гүйцэд цэвэр сайхан, алдаагүй бичих даалгаврыг гүйцэтгэсэн ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга босоо монгол бичгийг төрийн бичиг болгох зарлиг гарган, үндэсний бичгээрээ бичиж, уншиж сурах ажлыг эрчимжүүлж байгаа энэ үед төрийн албан хаагчдын дунд энэ уралдааныг зохион байгуулсан нь маш ач холбогдолтой гэдгийг аймгийн Төв номын сангийн захирал Ц.Одончимэг онцолж, тус уралдаанд ЭМГ-ын ажилтан Б.Саруулцэцэг, Баянжаргалан сумын Соёлын төвийн ажилтан П.Одончимэг нар монгол хэлний багш нараас дутахааргүй амжилт гаргалаа гэсэн юм. 

相关新闻