Өмнөх тохиолдлын ойрын хавьтлаас халдвар илэрсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-08 17:53:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж 204 боллоо. Энэ нэг тохиолдол нь Сүхбаатар сумын 3-р багт бүртгэгдсэн бөгөөд 43 настай эмэгтэй байна. Тэрээр өмнөх тохиолдлын ойрын хавьтал байсан аж.

Дээрх батлагдсан тохиолдлуудаас Сүхбаатар суманд 199, Алтанбулаг суманд хоёр, Мандал суманд гурван тохиолдол байна. Эдгээрийн ойрын 1475, дам 862 нийт 2337 хавьтлыг тогтоосон бөгөөд тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд Сүхбаатар сумын 18795, бусад сумын 15152 нийт 33917 хүнийг хамруулжээ. 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээг PCR-аар 444 хүний сорьц авч, өссөн дүнгээр 11222 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамруулсан байна. Мөн “Болд төмөр ерөө гол” компанийн 320 ажилтныг шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн Сүхбаатар сумын иргэдэд коронавирусний шинж тэмдэг илэрсэн болон зөвлөгөө авахад нь зориулж 95-900-103, 95-916-103 тусгай дугаарын утсыг 24 цагаар дуудлагаар ажиллуулж байна. Хэдийгээр коронавирусний тохиолдлын тоо өдөр ирэх тусам буурч байгаа ч Сүхбаатар сумын иргэд та бүхэн тайвшралгүй аймгийн Онцгой комиссын тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэн, гэр гэртээ байж,  хамтран ажиллахыг аймгийн Онцгой комиссын зүгээс хүсч байна.

 

相关新闻