Ховд аймгийг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-11 13:21:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдийн нэгдсэн хэлэлцүүлэг энэ сарын 10-ны өдөр болж, орон нутгийн бүх салбарын төлөөллөөс санал авч тусгахаар боллоо.  

Ховд аймгийн ЗДТГ-аас “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөр, “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд үндэслэн “Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг урьдчилсан байдлаар боловсруулжээ.

Тус бодлогын баримт бичгүүдийн төслийн хэлэлцүүлгийг Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа.

Тус баримт бичгүүдээр дамжуулан хүний хөгжлийг дэмжсэн "Стандарттай Шинэ-Ховдын төлөө" хүчээ нэгтгэе уриан дор ирэх жилүүдэд аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх бодлого, зорилтыг тодорхойлсон аж.   

Ингэхдээ Ховд аймгийн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг бүхий л салбар чиглэлийн бодлого, үйл ажиллагааг тусгаж байгаагаараа онцлогтой.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийгэм, эдийн засгийн бүх салбарын төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн хөгжлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад, гавьяатууд, олон улсын байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Оролцогч талуудын саналыг “Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгаж, Засгийн газар, Үндэсний хөгжлийн газраар хянуулж, хуулийн хугацаанд аймгийн ИТХ-аар батлуулах аж. 

相关新闻