“Ховд -2020” өртөөт марафонд 30 гаруй баг оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамирын спортын улсын хорооны даргын 2020 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Өртөөт марафон-2020” нийтийн биеийн тамир, спортын нэгдсэн үйл ажиллагаа энэ сарын 07-нд Ховд аймагт боллоо.
“Өртөөт марафон 2020”
биеийн тамирын үйл ажиллагааг дөрвөн
бүсэд зохион байгуулсан. Тодруулбал, өнгөрсөн сард
"Налайх 2020", “Сэлэнгэ 2020” өртөөт марафонд нийт 65 багийн 260
иргэн оролцжээ. Тэгвэл хамгийн сүүлчийн гараа болох “Ховд-2020” өртөөт марафонд 34
багийн 140 орчим иргэн, хөгжөөн дэмжигчийн хамтаар оролцлоо.
Энэхүү спорт үйл
ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир
спортын улсын хорооны мэргэжлийн тамирчдаас бүрдсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй
ажлын баг, Ховд аймгийн ЗДТГ, БТСГ, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн
хамтран зохион байгуулсан юм.
Иргэдийн эрүүл мэндийг
чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй
өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Ховд-2020” өртөөт марафон гүйлтийн
анхдугаар тэмцээн нь багаар өртөөчлөн даалгавар гүйцэтгэх байдлаар болсноороо онцлогтой.
Баг тамирчид 21-35, 36-50 нас гэсэн хоёр насны ангиллын
дагуу гурав ба таван км зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж,
шилдгүүдээ тодрууллаа.
Ингээд 36-50 насны ангилалд: Гар бөмбөгийн
спортын дэд мастер Г.Отгонцоож ахлагчтай БОЭТ-ийн баг тамирчид гурван км-ийн найман өртөөт даалгаврыг 23 миунтад гүйцэтгэж, цом, алтан
медиалаар шагнуулжээ. Харин дэд байрт Х.Баярхүү ахлагчтай “Цаст Алтай”
цогцолбор сургууль, гуравдугаар байрт М.Биндэрьяа ахлагчтай Тавдугаар цэцэрлэгийн баг тус тус шалгарлаа.
Мөн 21-35 насны ангилалд: Тэргүүн байрт Г.Мөнхболд ахлагчтай Зэвсэгт хүчний 123-р анги, дэд байрт Э.Даваажамц ахлагчтай Зэвсэгт хүчний 123-р анги, гуравдугаар байрт Б.Батзориг ахлагчтэй Зэвсэгт хүчний 123-р ангийн баг тус тус шалгарсан.
Харин "Шилдэг спортлог
байгууллага"-аар хурандаа Х.Энхболд захирагчтай “Зэвсэгт хүчний 123-р анги”
Ш.Ариунжаргал даргатай “Хөгжимт драмын театр” тус тус шалгарлаа.
Үүнээс гадна “Эрчимтэй
хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс” уриатай “Өртөөт марафон-2020” спорт үйл
ажиллагааны хүрээнд “Үнэгүй фитнес” ТББ-ын багш дасгалжуулагчид Ховд аймгийн иргэдэд
эрүүл, хөдөлгөөнтэй байхын ач холбогдлыг сурталчлан таниулах ажил зохион
байгуулжээ.
Тодруулбал, өглөөний
идэвхтэй дасгал хөдөлгөөн үйл ажиллагаанд 600 гаруй хүн оролцсон. Мөн оройн
цагаар спортоор хичээллэдэг 400 орчим иргэн оролцсон гэж албаны эх сурвалж
мэдээллээ.







