Булган аймагт өөр аймгийн оторчид 37,1 мянган малтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-09 08:49:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өөр аймгаас отроор өвөлжих малчин өрх, малын тоо нэмэгдэх хандлагатай байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

Одоогийн байдлаар тус аймгийн нутагт Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Дундговь аймгийн 22 сумын 39 малчин 37,1 мянган толгой малтайгаа оторлож ирээд байна. Баяннуур, Гурванбулаг, Рашаант, Орхон, Дашинчилэн суманд Өвөрхангай аймгийн 25.6, Баянхонгор аймгийн 7.5, Архангай аймгийн 2.6, Төв аймгийн 2.1 мянган толгой мал намаржиж байгаа аж.

- Манай аймгийн нутагт өөр аймгийн мал отроор их орж ирснээс үүдэн бэлчээрийн даац хэтэрч, нутгийн малчдын мал сүрэг өвс, тэжээлийн хомсдолд орж, их хэмжээгээр хорогдох эрсдэл өнгөрсөн жил гарсан. Багийн иргэдийн нийтийн хурал бэлчээрийг зохистой ашиглах, отор нүүдлийг зохицуулах талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан хэллээ.

相关新闻