Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлахыг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Оны эхний 10 сарын байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 411 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 23 нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар өссөн дүн юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Нарийны гүүр” гэдэг газар хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ. Тус осол өнгөрсөн сарын 28-ны өдөр сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т болсон байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Соната-7” загварын суудлын автомашин, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс Баянхонгор аймгийн төвийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан “Портер” автомашинтай мөргөлдөж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байжээ.
Цаг агаар хүйтэрч, автозамын гадаргуу халтиргаа гулгаа үүсч эхэлж буйг харгалзан нийт жолооч нар илүү анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан хөдөлгөөнд оролцох нь таны болоод зорчигчдын амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой болохыг албаныхан сануулж байна.