Мод тэвэрсэн барын зураг оны шилдэг байгалийн зургаар шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2020-10-14 14:54:17

ЛОНДОН. /BBC/. Дэлхий дээрх хамгийн ховор амьтдын зургийг дарах нь асар их ур чадвар шаарддаг, маш том аз билээ. ОХУ-ын Приморийн хязгаар дахь “Ирвэсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д авсан Амарын барын зураг “Wildlife Photographer” буюу дэлхийн зэрлэг ан амьтдын гэрэл зургийн хамгийн том уралдааны ялагчаар шалгарчээ.


Энэхүү зургийг Оросын гэрэл зурагчин Сергей Горшков авчээ. Тэрбээр Сибирийн тайгад нууц камер байрлуулж, 11 сар тэвчээртэй хүлээсний эцэст Амар мөрний савд амьдардаг барын ховор зургийг буулгаж чадсан байна.


Гол шагналыг хүртсэн зураг дээрх эм бар модыг яг л тэвэрч байгаа юм шиг гарсан байна. Үнэн хэрэгтээ, бар үнэрээ үлдээж, эзэмшил нутгаа тэмдэглэхийн тулд модны холтсонд биеэ үрдэг аж.


“Гэрэл зургийн гэрэл, өнгө, чанар гээд бүх зүйл яг л тосон будгаар зурсан зураг шиг. Зураг дээр эм бар ойн нэг хэсэг болж уусан шингэсэн мэт. Түүний сүүл нь хүртэл модны үндэсүүдтэй нийлсэн нь ой, бар хоёрыг нэгэн бүхэл болгожээ” гэж оны шилдэг зураг тодруулах шүүгчдийн дарга Роз Кидман Кокс хэлжээ.


Амарын буюу Уссурийн бар устаж үгүй болохын ирмэгт тулаад байгаа юм. Одоо байгаль дээр хэдхэн зуун толгой үлджээ. Гол хүнс болох буга, зэрлэг гахай зэрэг амьтдын тоо толгой ч мөн буурсаар байгаа нь устаж үгүй болохын бас нэг шалтгаан болж байгаа ажээ. 


Кембрижийн гүнгийн авхай Кейт (хунтайж Уильямын гэргий), мөн телевизийн хөтлөгч Крис Пекхам, Меган Маккубин нар Сергей Горшковын авсан шагналыг зарласан байна. Тэд Английн Байгалийн түүхий музейн зохион байгуулсан онлайн ёслолд оролцжээ. Тус музей дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог “Wildlife Photographer of the Year” уралдааныг 56 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.


Бусад төрөлд шагнал хүртсэн зургууд

"Нугас барьсан үнэг". Лина Хейкинен, Финланд


Үдийн хоолондоо ангир галуу шүүрч буй залуу үнэгний энэ зургийг Финландын залуу гэрэл зурагчин Лина Хейкинен авчээ. Тэрбээр 15-17 насны гэрэл зурагчдын ангилалд ялагч болоод зогсохгүй залуу гэрэл зурагчдын Гран При шагналыг хүртжээ. Ах, эгч нартайгаа олзоо хуваалцахгүйн тулд үнэг чулуунуудын хооронд шургаж буй мөчийг амжиж дарсан энэ зураг шүүгчдэд онцгой таалагдсан байна.


“Этна галт уулын галан гол” Лучиано Гауденцио, Итали


“Wildlife Photographer of the Year” уралдаанд зөвхөн амьтдын зураг оролцдоггүй. Европын хамгийн идэвхтэй галт уул болох Этнагийн хойд талаас авсан энэхүү зураг “байгалийн орчин” төрөлд тэргүүн байрын шагналыг хүртсэн байна. Гэрэл зургаа дарахын тулд гэрэл зурагчин Лучиано Гауденцио асар их халууныг, галт уулын хийн аймшигт үнэрийг тэсвэрлэжээ.

 

"Амьдралыг дэнслэгч". Жейми Кулебрас, Испани


Энэхүү аалз идэж буй шилэн мэлхийн зураг “зан байдал: хоёр нутагтан ба мөлхөгчид” төрөлд түрүүлжээ. Испанийн гэрэл зурагчин Жеймс Кулебрас энэ зургийг Эквадорын Мандуриако дархан цаазат газарт ширүүн бороо орох үеэр буулгасан байна.


"Хоёр зөгийн тууж". Франк Дешандоль, Франц


Энэ зургийг авахын тулд гэрэл зурагчин нь тусгайлан зохион бүтээсэн, маш удаан барилттай камер ашиглажээ. Францын хойд нутагт авсан энэ зургаараа Франк Дешандоль “зан төлөв: сээр нуруугүй амьтад” төрөлд шагнал хүртсэн байна.


"Алтан эгшин". Сунда Цай, Хятад


Усан доор авсан гэрэл зургуудын ангилалд түрүүлсэн энэ зургийг Сунда Цай Филиппиний Анилао тосгоны ойролцоо шумбаж байхдаа авчээ. Нялцгай биетний урт нь 6-7 сантиметр юм.


 


相关新闻