Томуу, томуу төст өвчний 300 гаруй тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-08 16:18:07

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд нийт 6880 иргэнд томуугийн эсрэг вакцин үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна. Эдгээр иргэний 70 орчим хувь нь аймгийн төв буюу Жаргалант сумынх. Үүнд 2-5 насны 2750 хүүхэд байна.     

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд "Томуугаас сэргийлье" дархлаажуулалтын 10 хоногийн үйл ажиллагаа 12.5 хувьтай үргэлжилж байна гэж холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.

Томуугийн эсрэг дархлаажуулалтад бага насны хүүхдээс гадна хөхүүл, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтөн, 65-аас дээш насныхан, эрүүл мэндийн ажилтнууд хамрагдах боломжтой. Иймд иргэд харьяа эмнэлгээр дамжуулан томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг эмч нар уриалж байна.

Хүйтний улиралд ханиад, томуугийн өвчлөл ихэсч, эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Монгол Улсад сүүлийн гурван жилд 1.4 сая хүн томуугаар өвчилж, 178 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх судалгаа бий.

Харин Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн 2019 онд эрүүл мэндийн 23 байгууллагаар 22990 иргэн үйлчлүүлсэн. Үүнд томуу, томуу төст өвчний 17699 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 1879 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Мөн томуу, томуу төст өвчний шалтгаанаар 1576 дуудлага бүртгэгдсэн аж. Тандалтаар 130 сорьц шинжилгээ хийхэд 33 тохиолдолд томуугийн вирус илэрчээ.  Ийнхүү томуугаар өвчилсөн иргэдийн 80 хувь нь 0-15 насных байв.

Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд энэ оны аравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний 300 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Бүртгэгдсэн өвчлөлийн 70-80 хувийг хүүхдүүд эзэлж байна. Иймд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлжээ.   

相关新闻