Малын арьс, шир үнэгүйдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд малын арьс, шир үнэгүйдэж хог дээр хаягддаг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна гэж орон нутгийн иргэд хэллээ.
Ховд аймагт мах боловсруулах таван үйлдвэр бий. Эдгээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 100 гаруй мянган толгой бог мал нядалж, зах зээлд нийлүүлдэг аж. Тодруулбал, Ховд аймгийн "Жаргалант Шанд" ХХК-ийн махны үйлдвэр гэхэд өдөрт 40-50 мал төхөөрдөг. Их ачааллын үед 400-500 бог мал, 50-100 бод мал нядалдаг аж. Гэвч арьс, шир борлуулах зах зээл байхгүй, үнэ хямд учраас ихэнх нь хог дээр хаядаг гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Ховд аймагт хонины арьс\өлөнтэй\ 2500, ямааны арьс \өлөнтэй\ 1000 төгрөгийн үнэтэй байна. Харин адуу, үхрийн шир худалдахгүй байгаа гэж наймаачид мэдээллээ. Өмнө нь үхрийн шир 4-5 мянга, адууны шир 20 мянган төгрөгөөр худалдаалж байсан аж.
Цаашид малын гаралтай түүхий эд, тэр дундаа арьс,
ширний үнэ ханшийг нэмэгдүүлэх зорилгоор
хөдөөгийн
сум тус бүрт олон улсын стандартын дагуу эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн мал
төхөөрөх үйлдвэр, цех байгуулах хэрэгтэй. Улмаар мэргэжлийн боловсон хүчин
бэлтгэх, гэмтэл бага буюу зах зээлийн жишигт нийцсэн арьс шир боловсруулж гадаад,
дотоодын зах зээлд нийлүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй халдварт
өвчнөөс сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэж албаныхан ярив.