Хог хаягдлыг нягтаршуулж дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-05 19:51:57

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд энэ онд хур хог хаягдал цэвэрлэх, нэгдсэн цэгт төвлөрүүлэх, хог ангилах цэг байгуулах зэрэг олон талт ажлыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж буй юм. 

Тэгвэл энэ удаа Жаргалант суманд нэг цаг тутамд 500 кг хуванцар болон төмөр лааз шахаж нягтаршуулах төхөөрөмж суурилуулах гэж байна. 

БОАЖЯ-наас “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд олгож буй тус төхөөрөмжийг суурилуулахтай холбогдуулан өнөөдөр “Боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах цэг байгуулах, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих” сургалт зохион байгууллаа. 

Сургалтад аймгийн байгаль орчны салбар байгууллагын ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын багш, нийгмийн ажилтан, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, хувиараа хуванцар худалдан борлуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 60 гаруй хүн оролцжээ.  

Хог хаягдал бол аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг юм. Хог хаягдлыг дахин ашиглаж чадвал баялаг мөн үнэт түүхий эд болно. Ингэж хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулахад төрийн байгууллагын тавих хяналт, оролцоо чухал аж.

Энэ ажил тус аймагт ямар төрлийн хог хаягдал давамгайлж байгаа талаар судалгаа хийхээс эхэлнэ. Сургалт зохион байгуулж буй ШУТИС-ийн багш Д.Сүнжидмаа Ховд аймагт ирээд төв зах дээр очсон. Үүнд тарвас, хүнсний ногооны хальс элбэг байна. Уг хог хаягдлыг дахин боловсруулж бордоо болгон ашиглах боломжтой гэж тэрбээр хэллээ. 

Мөн зах зээлд түүхий эд үнэгүй байна гэх энгийн жишээн дээр тайлбар хийж, боловсруулах технологи нь байвал хойч үеэ эрсдэлд оруулахгүй хог хаягдлыг баялаг болгон ажиллах олон боломж байгаа талаар энэ удаагийн сургалт зохион байгуулагчид онцлов.  

Мөн барилгын хог хаягдлыг ангилж, дахин боловсруулах менежмент, тус салбарт ногоон практик нэвтрүүлэх арга туршлагын тухай мэдээлэл солилцжээ. Гадаадын орнууд барилгын хог хаягдлын 80-90 хувийг дахин боловсруулж ашигладаг аж.

Энэхүү сургалтын үйл ажиллагааг БОАЖЯ, Кристас Чех Репаблик Олон улсын байгууллага, Мон Пластик ХХК хамтран зохион байгуулав.  

相关新闻