Аймгийн ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-24 12:17:54

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд буй ногоон байгууламжийг засч сайжруулах ажил үргэлжилж байна.

Ховд хотын 335 жилийн ойн баярыг угтан төв гудамжийг шороогүй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, засварлах замаар өнгө үзэмжийг нь сайжруулахад чиглэсэн олон талт ажил шат дараатай өрнөж буй юм.

Ховд аймаг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн захирагчийн ажлын албаны Зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмээр ахлуулсан ажлын баг энэ сарын 21-25-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын багийнхан Хот тохижилтын газрын ажилтнуудад ногоон байгууламжийг арчлах, буруу ургалттай мод, мөчрийг засаж тайрах, цаашид өнгө үзэмжтэй, зөв бүтэцтэйгээр ургуулж, хамгаалахад анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Улмаар ногоон байгууламж арчилгааны 25 арга технологийг түгээн дэлгэрүүлэх замаар аймгийн төв гудамжны мод, бусад ногоон байгууламжийг хэлбэржүүлэн засах, арчлах дадлага ажил хийлээ. 

Үүнээс гадна тус ажлын багийнхан Ховд хотын ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд зориулсан “Хотын ногоон байгууламжийн ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт” болон “Хог хаягдлын менежмент” сэдэвт сургалт зохион байгуулж буй юм.

Энэ үеэр ногоон байгууламжийг арчлан хамгаалах, өнгө үзэмж сайжруулах ажилд иргэдийн оролцоо чухал гэж мэргэжилтнүүд онцоллоо.  

 

相关新闻