Ховд аймагт хадлан бэлтгэх ажил оройтoх төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт хадлан бэлтгэх ажил оройтож эхлэх төлөвтэй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Монгол Улсын Засгийн
газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу өвөлжилтийн бэлтгэлийг
хангах зорилгоор Ховд аймгийн Засаг дарга өнгөрсөн долоодугаар сард 02 тоот
албан даалгавар гаргажээ.
Үүнд төв суурин болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл
хангах асуудлыг тодорхой тусгаж,
төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон Онцгой байдал, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөл
хадлангийн гол бүс нутаг болох Мянгад, Буянт суманд ажиллав. Ингэхдээ хадлангийн
гарц, усны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Өнгөрсөн долоо,
наймдугаар сард Ховд аймгийн ихэнх нутгаар хур бороо орсон. Тиймээс Ховд голын
усны түвшин багагүй нэмэгдсэн байна.
Мэргэжлийн байгууллагаас авсан мэдээгээр одоогийн
байдлаар Ховд голын ус
үерийн аюултай түвшнээс 13 см-ээр давсан байна. Цаашид дахин бороо орох, есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Ховд
гол үерийн аюултай түвшинд байх төлөвтэй.
Тийм учраас
хадлан бэлтгэх ажил есдүгээр сар гарч эхэлнэ гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Одоогоор хадлангийн талбай ус ихтэй байгаа тул
хадлан бэлтгэх ажил оройтоход хүрч байна.
Гэхдээ иргэдийн хамтын
хүч хөдөлмөрөөр өмнөх жилүүдтэй ижил
хэмжээний
өвс бэлтгэн нөөцлөх зорилт дэвшүүлсэн. Ийнхүү боломж, нөөц бололцоо бидэн бий
гэж салбарынхан онцоллоо.