Зөвшөөрөлгүй татсан хашааг татан буулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-24 20:07:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд 200 гаруй иргэн газар эзэмших асуудлаар маргаан гаргажээ. Учир нь Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт ус хангамжийн системийн нөөц талбай бий. Энэхүү газрын ойролцоо иргэд зөвшөөрөлгүй хашаа, шон татсан байна.

Үүнтэй холбогдуулан дээрх тооны иргэд газар эзэмших асуудлаар маргаан үүсгэжээ. Улмаар Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй хашаа татсан иргэдийн газрыг чөлөөлөх ажил хийж эхэллээ. Тус ажлыг аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын газар, Жаргалант сумын ЗДТГ, Цагдаагийн газрын ажилтан, албан хаагчид хэрэгжүүлж буй юм.

Жаргалант сум 40 гаруй мянган хүн амтай. Жил бүр ундны усны хэрэгцээ нэмэгдэж байна. Одоогоор ус хангамжийн системийн нөөц талбайд цэвэр усны шугам сүлжээ бүхий гүнийн долоон худаг бий. Тиймээс цаашид ундны усны хэрэгцээг бүрэн хангах, системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хоёроос гурван худаг барина гэж төлөвлөж байна. Иймд Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй хашаа татсан иргэдийн газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Мөн шинээр газар эзэмших хүсэлтэй иргэдийн нэгдсэн судалгаа хийнэ. Ингээд ирэх наймдугаар сард болох аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд холбогдох саналыг танилцуулж ажиллана гэж мэргэжилтнүүд онцоллоо.

Харин иргэдийн зүгээс зориулалтын дагуу ашиглахгүй байгаа газрыг татан буулгах, газар олгох, эзэмших асуудлыг ил тод, нээлттэй болгох, тэгш хүртээмжтэй байдлыг хангахад анхаарч ажиллах зэрэг санал хэлэв. Газар эзэмших хүсэлтэй иргэдийн дийлэнх хувь нь түрээсний байр, айлын хашаанд амьдардаг аж.  

相关新闻