Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-10 14:12:05

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Техас муж улсын Пирленд хотын оршуулгын газарт Жорж Флойдын цогцсыг авчирчээ. Түүнийг нас барахынхаа өмнө дуудаж байсан ээжийнх нь шарилын хажууд оршуулна.


Африк гаралтай Америк иргэн Ж.Флойд хоёр долоо хоногийн өмнө Миннеаполис хотод цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш дэлхий даяар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлсэн юм.


Ж.Флойдын цогцсыг Техас муж улсын Хьюстон хотын “Fountain of Praise” сүмээс морин тэргээр оршуулгын газар луу хүргэх замд олон зуун хүн цугласан байсан бөгөөд тэд халуун, нартай байсныг үл харгалзан ийнхүү цугларсан байна.


Мөн сүмд талийгаачийн гэр бүл, найз нөхөд болон түүнтэй огт уулзаж байгаагүй хүмүүс багтсан 500 гаруй хүн ирсний дунд жүжигчин Жейми Фокс, Ченнинг Татум, “Хьюстон Тексанс” багийн тамирчин Жей Жей Уотт, Конгрессын гишүүн Шейла Жексон Ли, Хьюстон хотын цагдаагийн газрын дарга Арт Асеведо нар байжээ.



Хьюстон хотын дарга Сильвестр Тернер цагдаа нарыг боох мэх хэрэглэхийг хориглосон тогтоолд гарын үсэг зурна гэж мэдэгдэхэд олон хүн босож, дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд нэр дэвшиж буй Жо Байден дүрс бичлэгээр дамжуулан үг хэлсэн байна.


Мөн бусад оршуулгын ёслолын нэгэн адил талийгаачийн ойр дотны хүмүүс үг хэлжээ. Ж.Флойд тавдугаар сарын 25-нд цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барсан юм. Тухайн үед цагаан арьст цагдаа Дерек Шовин түүнийг амьсгалж чадахгүй байгаагаа хэлж байгааг нь үл тоомсорлон хүзүүн дээр нь ес орчим минут өвдөглөжээ.



Д.Шовиныг хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутган баривчилснаас гадна түүнтэй хамт байсан цагдаа нарыг тусалж, өөгшүүлсэн хэрэгт буруутгасан байна. Ж.Флойдыг нас барснаас хойш АНУ даяар болон Европын томоохон хотуудад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаа нарын гэм буруутай үйлдлийг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлсэн юм.


АНУ-ын олон хотод жагсаал цуглаан эмх замбараагүй байдал болсон хувирсан тул захирагчид нийгмийн эмх журмыг тогтоохын тулд Үндэсний гвардын цэргүүдийг байршуулжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, Америкт нийт 10 мянга орчим хүнийг баривчилсан байна. Гэвч энэ долоо хоногийн эхнээс жагсаал цуглаан тайвнаар үргэлжилж эхэлжээ. Мөн АНУ-ын олон хотод цагдаа нарыг баривчилгаа явуулах үедээ боох мэх хэрэглэхийг хориглосон байна. 



相关新闻