Н.Нарантуяа: Бие махбодоор хохирсон хүн сэтгэл санаагаар давхар хохирдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-08 16:58:23

Төв /МОНЦАМЭ/ Гэр бүлийн хүчирхийлэл нь  нийгэмд тулгамдаад буй том асуудлуудын нэг. Энэ он гарсаар Төв аймаг дахь Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага өссөн үзүүлэлтэй байна. Энэ нь Covid-19 цар тахлаас үүдэн баар, кароаке үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоосон учир ахуйн хүрээний архидалт ихэссэнтэй холбоотой дуудлага нэмэгдэж байгаа юм байна. Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Нарантуяагаас тодрууллаа. 


-Төв аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил хэр байна вэ?

-Аймгийн хэмжээнд жилдээ 320-350 дуудлага мэдээлэл ирдэг. 2020 он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өссөн. Тодруулбал өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээр 113 иргэн захиргааны журмаар баривчлагдан саатуулагдаж байсан бол энэ оны 4 дүгээр сарын байдлаар 132 иргэн 7-30 хоногийн хугацаатай түр саатуулагдсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Тиймээс Төв аймаг дахь Цагдаагийн газраас 2 дугаар сард “Хайр өвтгөдөггүй “ аян зохион байгуулсан. Энэхүү аян одоо ч үргэлжлээд явж байна. Аяны зорилго эцэг эхчүүд хүүхдүүдтэй яаж харилцаа тогтоох, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох, харилцаа хандлагаа сайжруулах нөлөөллийн арга хэмжээг цахим орчинд зураг, постер, видео штрок болгож түгээсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл хаалганы цаана болдог. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өсөж буурах нь иргэн миний зүгээс харахад чухал биш .Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг илэрч хэн нэгний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь чухал гэж үздэг.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл шалтгаан нь юу вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл олон шалтгаанаас үйлдэгдэж байна. Ихэвчлэн архидан согтуурсан үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэвэл бас өрөөсгөл ойлголт болно. Хэдийгээр согтууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглээгүй байсан ч гэсэн бие биенээ тухайн мөчид ойлгож, хүндэтгэн үзэлгүй уур бухимдал, сэтгэлийн хөөрлөөрөө асуудалд хандсанаас биеэ хянах чадваргүй болж гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил гаргасан иргэд олон байдаг.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн судалгаанаас үзэхэд эдгээр гэмт хэрэг ахуйн хүрээний архидалтаас үүдэж хүүхэд гэмт хэрэгт өртөж байгаа нь харагдаж байгаа юм. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж Улсын онцгой комисс, Засгийн газраас хөл хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явахгүй гэртээ байгаа. Энэ хугацаанд эцэг, эхчүүд хүүхдийнхээ хажууд архидан согтуурснаас хүүхдүүд  гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байна.

- Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ? 

-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 5-7 хувийг эмэгтэй хүн үйлддэг. Үлдсэн 90 гаруй хувийг эрчүүд эзэлдэг. Энэ оны 5 дугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 8 эмэгтэй баривчлагдсан. Мөн гэр бүлийн 2 гишүүн 2 удаа баривчлагдсан тохиолдол бий.  Энэ хүмүүсийн 70% нь хүсэл зоригийнх нь эсрэг хандсан хүчирхийлэл байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт оюун санааны, эдийн засгийн, бие мах бодийн болон бэлгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийлэл багтдаг. Үүнээс бие махбодийн хүчирхийлэл манай улсад түгээмэл. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 50 гаруй хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг.

-Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн бие махбодод учруулах байдлаар ойлгох нь өрөөсгөл байх?

-Тийм шүү. Гэр бүлийн хүчирхийллээс болж бие махбодоор хохирсон хүн сэтгэл санаагаар давхар хохирдог. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын үл ойлголцох асуудал бол биш. Энэ бол тэр гэр бүлд багтаж байгаа бүх хүнтэй холбоотой асуудал. Үр хүүхэд, хөгшин настай аав, ээж, ах дүүс гэх мэт. Тухайлбал, зарим эцэг эх хүүхдээ үл тоох хүчирхийлэлд өртүүлснээс хүүхдийнхээ хүсэл санааг ойлгохгүй, цаашлаад гар хүрэх гэх зэрэг асуудал үүсч байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь үйлдэл болон эс үйлдлээр илэрдэг. Үйлдэл гэхээр хоорондын харилцааны зөрчлөөр илэрдэг. Харин эс үйлдэх гэхээр санхүүгийн байдлаар боох эсвэл мөрдөх, мөшгөх, хардах энэ байдлаар илэрдэг. Мөн гэр бүлийн харилцаа маш чухал. Сүүлийн үед залуус минь хариуцлага, эцэг эх байх үүргийг маш дутмаг ойлгож бие биенээ ойлгохгүй, ярилцаж чадахгүйгээс бол гэр бүл салалт маш их болсон. Хариуцлагаа ухамсарлаж ,үүргээ хүлээх чадвартай байх хэрэгтэй.

-Хуулийн дагуу хариуцлага хүлээж тодорхой хугацаанд саатуулагдаад гарч ирсэн иргэд дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох байдал хэр буурсан бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхгүй байх талаас нь саатуулагдах хугацаанд
тухайн хүнд сэтгэлзүйн буюу зан үйлийн сургалт, зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг. Тэдгээр иргэдэд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн зүйл заалт болон хэргээ дахин давтсанаар гарах хор уршиг, хуулийн хариуцлагыг хэлж ойлгуулснаар тухайн этгээд дахин хүчирхийлэл үйлдэх нь буурдаг. Хүчирхийлэгчийг тодорхой хугацаанд ажиглалтдаа авч, холбоотой ажилладаг.

-Зан үйлийн сургалт гэдэг нь юу вэ? Энэ сургалтын онцлог нь юу юм бол?    

-Энэ бол мэдлэг олгох сургалт биш, зөв бурууг шүүх, тэгэх ёстой ингэх ёстой гэж хуулиар далайлгаж айлгах ажил огт биш. Хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг, ухамсартай нь ажилладаг сэтгэл зүйн асуудал юм.

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт ямар ял, шийтгэл хүлээлгэдэг вэ? 

-Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил өөрөө онцлог. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж, албадан сургалтад суулгахаар заасан. Үүнээс өөр торгох болон бусад шийтгэл байхгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн баривчлах шийтгэлтэй учир нэлээн хатуу шийтгэлтэйд тооцогддог. 

-Ярилцсанд баярлалаа. Залуусдаа хандаж ямар үг дайх вэ?

-Эцэг эх байх тоглоом биш. Тиймээс бие биенээ уучилдаг, асуудлыг хүчээр биш эвээр шийддэг, Хоорондоо ярилцаж нэг нэгнээ хүндэлдэг, эцэг эхийн хариуцлагаа үргэлж ухамсарлаж байгаасай гэж хүсэх байна.

 

相关新闻