А.Амарсайхан: Малаа гэсэн сэтгэлтэй бол буян хишиг нь тогтоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн малчин Адьяасүрэнгийн Амарсайхантай уулзаж ярилцлаа. Тэрээр аймгийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар алдарт хоньчин З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагнал хүртсэн малчин юм.
-
Та анхны үүлдрийн “Сэлэнгэ” үхрийг олон жил маллаж байна уу?
-
1990 оноос
хойш маллаж байна. Наймдугаар анги төгсөөд л малчин болсон. Хүн эхлээд туг
барьдаг гэсэн. Би бол тугал хариулж эхэлсэн. Энэ үхрийг эрчимжүүлэхийн төлөө
хувь нэмэр оруулах гээд зүтгэж явна.
-
Туг барих аа?
- Тийм ээ. Хүүхдүүдийг дунд сургуулийн 7, 8-р анги төгсөхөөр илгээлтийн эзэн гээд туг бариулаад хөдөө гаргадаг байлаа шүү дээ. Би тугал хариулж малчин болсон доо.
- “Сэлэнгэ” үхэр унаган төрсөн нутагтаа байгаа мал. Маллагааны онцлог гэж байна уу?
- Хүмүүс янз бүр ярьдаг юм. Би өөрөө монгол үхэр маллаж үзээгүй. Халзан үхрээрээ дагнасан. Тэгэхдээ мал бол маллаж байгаа эзнээсээ л болдог юм. “Сэлэнгэ” үхэр бараг арчилгаа шаарддаггүй мал. Зарим хүн “ядрахаар нь өргөөд дийлдэхгүй, том жинтэй” гэж ярьдаг гэсэн. Ер нь мал эзнээсээ л болдог гэж боддог. Манай үхэр бэлчээрээрээ онд орно. Өвс жаахан авна. Бяруу тугалдаа өгдөг.
- Төлөө ямар аргаар бойжуулдаг вэ? Хайдагшуулах
уу?
- Үгүй. Эхлээрийн аргаар бойжуулдаг. Зун тугалыг эхээс нь салгахгүй маллана. Өглөө нэг
л саана. Манайх 4-5 үнээ л саадаг юм. Тэрнээс илүүг саах боломж бага байх
юм.
- Махны чиглэлийн үхрийн хувьд дээд рекорд
амжилт гэвэл?
- 2002 онд их зуд боллоо. Тэр үед залуу ч
байж. Овоо хэдэн үхэртэй байж байгаад ихэнхийг нь зуданд тавиад туусан. Таван
охин буруу, 15 шар, тугалтай хоёр үнээтэй үлдсэн хүн. Тэгээд онд орсон шаруудаа
бүгдийг нь борлуулсан. Тэгэхэд нэг шар тонн гаруй жинтэй байсан. 1150 кг татаж,
амьдын жин буюу амьсгал гэж 45 кг хасч байлаа. Цэвэр жин нь 1105 кг гэсэн үг.
Сэлэнгэ аймгийн “Товхон хаан” компани мал авч байсан. Хуучин соёолон үхэр
болохоор 900 кг жин дарсан. Монгол үхрийн шар том биетэй байсан хэрнээ 526 кг байсан.
- Сүүний гарцын хувьд ямар байдаг бол?
- Ерөнхийдөө гунжин цагаас эхлэн саасан
үнээ арай илүү сүүтэй болдог. Шууд эхлээр нь явуулж тугал нь хөхсөн үнээ
болохоор махан дэлэн суугаад сүүний гарц багатай. Ер нь 4 литр орчим сүү гардаг юм.
- Танай үхэр яг цэвэр үүлдрийн цөм сүрэг
үү?
-
Цөм сүрэг гээд хэлэхэд буруудахгүй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт би 10 тугалтай үнээ өгч
байсан. Тэгэхэд миний өгсөн үнээ эндээс цуглуулсан үхрээс илт өөр торниун байсан
гэсэн. Тэгээд УИХ-ын гишүүн ч ярьдаг юм уу, бүү мэд. Энд тэндээс “танайхаас
үхэр авья” гэсэн санал их ирдэг. Сүүлийн жилүүдэд жилдээ 80 гаруй үхэр борлуулж
байгаа. Нийт үхрээ 320 орчим тоо толгойд багтаагаад барьж байна. Жилд 90 гаруй
үнээ тугалдаг.
- “Сэлэнгэ” үхрийн зүс үүлдэр батлагдахдаа
яг танайх шиг байсан уу?
- “Сэлэнгэ” үхэр цагаан толгойтой, хар хүрэн зүстэй байх ёстой. Ухаа биш юм. Үүлдэр батлагдаж байх үед 3-4 ангилдаг байлаа. “Элит рекорд” нь хар хүрэн зүстэй. Жаахан цагаан нуруутай зүстэй нь таваарлаг тал руугаа ордог. Таваарын гэхээр үржилд ашигладаггүй байсан. Манай үхрийг малчид, мэргэжилтнүүд бүх талаараа жигд сайхан гэдэг. Сүүлийн жилүүдэд үхрээ нас ахиулж томруулахгүй байгаа. Грефорд үүлдрийн бух тавьсан. Өөрөө нэг бухан бяруу сонгосон. Эр сувай том үхрээ борлуулахгүй бол тавьсан бухыг үнээ хөөлгөхгүй болчихдог.
- Танд малч уламжлал байна уу?
- Миний том ах 1986 оноос эхэлж мал малласан
Лхагвасүрэн гэж мундаг малч хүн бий дээ. Ахынхаа гар дээр хөдөө гарч бага зэрэг
туршлага хуримтлуулаад өдий хүртэл мал маллаж байна.
- Таны аав, ээж хөдөө ах ахуйтай холбоотой
хүмүүс үү?
- Манай аав, ээж ХААДС төгссөн. Аав Завхан
аймгийн Түдэвтэй сумын хүн. Ээж энэ нутгийн Хангал сумынх. Манайх Завхан аймагт
ажиллаж байгаад нийслэл рүү шилжсэн. Ээж Цэдэнбал-Филатова гэж хүний туслахын
ажил хийж байсан. Аав хот тохижуулах газар ажиллаж байсан. Тэгээд Германы
хөрөнгө оруулалттай Улаантолгойн сангийн аж ахуйн алаг үнээний ферм гэж
байгуулагдахад аав фермийн даргаар ирж ажилласан. “Эрдэнэт” үйлдвэрийн туслах
аж ахуйг үүсгэн байгуулсан хүний нэг. Аав Сэлэнгэ сум, САА-н дарга агсан, гавьяат
эдийн засагч Б.Норжин гуайтай дээд сургуулийн нэг төгсөлтийн хоёр. Тиймээс
хамтран ажиллах санал тавьж Сэлэнгэбүрэн багийн даргаар ирж байсан. Тэгээд л
манайх энэ сайхан нутагт амьдарцгаасан. Эцэг, эхээс есүүлээ. Би гурван
ахтай.
-
Аймгийн аварга малчин, Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагнал хүртсэн хүн.
Залуучуудад зааж зөвлөнө биз дээ.
- Би залуучуудыг завтай байлгахыг
тэвчдэггүй хүн л дээ. Өөрөө бас өндөр настай хүн шиг хүмүүст ярьдаг. Залуу хүн завтай
байх дэмий байдаг юм даа л гэдэг.
- Хүүхдүүдээс малч ухааныг өвлөх хүн олон
байна уу?
- Хоёр залуу байгаа. Яаж ийж байгаад л малчин болгох санаа байна. Тэгэхдээ мэдлэг мэргэжилтэй малчин болгоно оо.
- Малчдын зах зээлд амьдрах боломж хэр
зэрэг байна гэж боддог вэ?
- Сүүлийн хоёр гурван жил “Сэлэнгэ” үхрийн
эрэлт хэрэгцээ маш өндөр болсон. Халзан үхэр сурсан хүмүүс их ирж байна.
Ашиг шимийн хувьд махны жин гаралтаар үнэндээ л аварга. Өнгөрсөн намар төрийн
соёрхолт мал зүйч О.Мэдэхгүй зургаан тугал ялгасан. Одоо жин нь дээд тал нь 210
кг байна. Бүгд эхтэйгээ явж байгаа. Саяхан жинлэхэд 198-210 кг татсан.
“Сэлэнгэ” үхэр соёолон нас хүртлээ огцом
өснө. Тэгээд жин нэмээд өргөсөөд байна. Маш их ашигтай мал даа. Цөөн бөгөөд
чанартай мал маллахыг бодсон. Мал
хайрлаад байхаар өсөөд байдаг нь сайхан.
- Ардын уламжлалт мал эмчилгээ арга
ухаанаас суралцсан зүйл бий биз дээ.
- Бага сага мал талынхаа өвчинг мэднэ ээ.
Тэгэхдээ мэдэхгүй зүйл гарна аа.
-
Мал хатгаж эмчилнэ биз.
-Хатгадаг. Хатгаануудыг дөхүүлнэ ээ.
Үхрийг бол тэр тусмаа мэднэ. Оёг тусахаас нь жилийн өмнө эмчилнэ. Хатиартах
үхрийг хатгахад эдгэдэг. Ийм оёг туссан үхэр ой ойрхон дүлээд баагаад, баас нь
дандаа цоорхойтой байдаг. Тэрнээс хойш сар гаруйхны дараа хатиартаж эхэлдэг. Малыг
чацга алдах юм уу гэдэс нарийсахаас нь өмнө эмчлэх хэрэгтэй.
- Малын эрүүл мэнд, эрүүлжүүлэх ажил ямар
байна вэ?
- Малын өвчлөл гайгүй. Манай мал эмнэлэг сайн шүү. Одонтунгалаг гээд малын эмч
бараг л явган гүйх нь холгүй үйлчилгээ үзүүлдэг. Дуудлага өгөхөд их удлаа гэхэд
хоёр цагийн дараа ирдэг. Мал эмнэлэг сайн үйлчилдэг.
-
“Сэлэнгэ” үхрийг зах зээлийн үед даанч анхаараагүй “устгах дөхсөн” санагддаг.
-
Зах зээлийн эхэн үед “Сэлэнгэ” үхрийг харамсмаар болгосон л доо. Би сангийн аж
ахуйд дөрвөн жил тугал маллаж байгаад дараа нь энгийн түрээс хийж, үхэр авч
малласан. Сангийн аж ахуй хувьчлагдахад малыг нь тоолж өгөөд өөрийнхөө хэдэн үхэртэй
үлдсэн. Халзан үхэр тэр үед л доройтсон доо. Одоо малчид үхрээ сайжруулахын
төлөө маш их зүтгэж байна. Сум орон нутаг ч анхаарлаа. Ноднингоос грефордын бух
тараалаа. Энэ халзан үхрийг өсгөхийн төлөө ажиллаж байна.
-
Мал аж ахуйн хувьд шийдүүштэй ямар асуудал байна гэж үздэг вэ?
- Би боддог юм. Ерөнхийдөө бэлчээрийн даац
хэтэрсэн. Хоёрт тариалангийн талбай ихтэй. Үржил шимтэй газар хүнсээ тарихаас ч
яахав. Мал бэлчээрлэх нөхцөлгүй, хавчигдмал байна. Нэгэнт бэлчээр муу болж
байгаа учраас малын тэжээл тариалж малаа тэжээх бодолтой байна. Газар тариаланд
ашиглаж байгаад “чулуутай” гэж хаягдаж атаршсан талбайд ногоон тэжээл тариална. Газар тариаланд ажиллаж байгаагүй болохоор
хүнээс зөвлөмж авч байна.
Халзан үхэрт ногоон тэжээл хэрэгтэй. Цагаан
өвс идэж онд орсон үхэр турж жин хасагдсан байдаг. Ногоон тэжээлээр тэжээвэл
илүү ашиг олох боломж байгаа.
- Өвс тэжээлийн зардал хэр зэрэг гарах вэ?
Байнгын тэжээл байх уу?
- Ер нь хүмүүс их хэтрүүлж ярьдаг юм уу яадаг юм. Эрлийз мал илүү ажиллагаатай гэж боддог болтой. “Сэлэнгэ” үхрийг авах гээд ирчихээд манайд 3-4 хонож үзсэн хүмүүс бий. Тэд “ердөө л бэлчээрийн маллагаатай юм байна” гэж байсан. Би бол сүртэй нэмэгдэл тэжээл өгдөггүй. Жаахан ядарч дордсонд нь өвс өгнө. Харин бяруу, тугалдаа өвс өгнө. Нэг настай малдаа тэжээл өгнө. Тугалаа намар эрт эхээс нь салгана. 10-р сарын сүүл, 11-р сарын эхэнд ялгадаг. Тухайн жилийн цагийн байдлаас шалтгаалж, тугалыг эхээс нь салгаж маллана.
- Тэгэхлээр танайх хоёр хотлох нь ээ.
- Тийм ээ. Хоёр өвөлжөөтэй. Эхнэр бид хоёр
тусдаа 7 жил өвөлжсөн. Өнгөрсөн жилээс хүү цэргээс ирээд нэг хэсэг үхрээ
малладаг боллоо.
- “Сэлэнгэ” үхэр өлчир үү. Сайхан “дулаахан”
зүстэй харагдаад байдаг юм.
-
Даарна гэж байхгүй. Ер нь бээрэхгүй шүү. Зарим үед цасан дээр хэвтэж байдаг. “Үхэрт
дунд идэш дулаан хэвтэр” гэдэг байсан. Сүүлийн үед жаахан санал зөрөх гээд байгаа.
Идэш бол хэрэгтэй. Хэвтэр бол гайгүй шүү. Энэ үхэр маань хэвтрээр зутрах нь
бага. Хашаанд тогтдоггүй хоёр харайдаг үхэр маань энэ өвөл “цасан дээр” өвөлжсөн.
- Хадлан өвсөө өөрсдөө бэлтгэнэ биз. Хангай
нутгийнхан энэ ажилдаа гаршсан байдаг даа.
- Манайх хадлангийн иж бүрэн техниктэй.
Засвар хийгээд тавьчихсан. Өнгөрсөн жил бэлтгэсэн өвсөө бүгдийг нь хаман
боогчоор боосон. Чанараа алдахгүй зүгээр юм. Хадлан бэлтгэхдээ хүнийг нэг
өдрийн 30 мянга төгрөгийн цалин өгч ажиллуулдаг. Хялганат тосгоныхон ажиллана.
Их хөдөлмөрч ард түмэн. Уралдаан зохион байгуулна. 15 хоног л ажилладаг. Нэг
хүн 450,0 мянган төгрөг авна. Ажил чанартай шуурхай байдаг. Гурван жил
ажилласан хүнд идэшний үхэр, адуу өгдөг.
- Нутагшсан мал нэг газар байхдаа хүртэл
тарга авдаг гэх малчид байдаг. Таны хувьд ямар бодолтой байдаг бол?
- Ерөнхийдөө нүүх дуртай хүн. Нэг буурин
дээр удаан байхаар мал нэг л өнгө алдаад байх шиг болдог. Өвөлжөөнөөсөө гараад
эргээд буухад 14 удаа нүүдэг хүн. Гэхдээ яахав нутгаасаа болооод ойр ойрхон
буучихдаг. Нүүдэл хийсний буруу гэж байхгүй.
Нэг дор байхад мал дасаад таргална гэдэг өрөөсгөл ойлголт байх шүү.
- Танайх бас бог мал төллүүлж байна аа.
- Бог мал 1500-гаад бий. 300 ишиглэх ямаа,
300 хургалах хонь 11 айлд байгаа. Малжуулах төсөл гээд хоёр жил манайхаас үхэр
авлаа. Тэгээд бог мал малжуулах төсөл гэж гараад иргэдийг маллаад гурван жил
төлийг нь ав гэсэн. Малчдаас их зүйл шаарддаггүй юм. Зарим хүн амьдралын баталгаатай байх гэх мэт болзол
тавьдаг. Манайх ганцхан тэр хүнээс өвөлжөөтэй, хадлангийн талбайтай байхыг
шаарддаг. Малтай болох гэж байгаа хүн бэл бэнчингүй байж болно. Өвөлжөө,
хадлангийн талбайтай хүн юу гэж хүний малыг аваад арилах вэ дээ. Тийм үндэслэлээр
мал өгдөг.
- Бусад малынхаа чанарт яаж анхаарч байна вэ?
- Илүү нугламтай гэж 500,0 мянган төгрөгөөр Сүхбаатар аймгийн хурган хуц авч, хонин сүргээ хоёр жил сайжрууллаа. Ийм хонины хувьд ялаа батгана ихтэй үед сүүл нь өтөх гээд байдаг. Би ямаанд жаахан таа муутай хүн. Гэхдээ эрчмийн ухна тавьсан. Морь уялдаггүй, зав ч гарахгүй юм. Хоёр хүүгээ “морь уя” гээд байгаа. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын аймгийн алдарт уяач Пүрэвдорж гэдэг хүнээс нэг үрээ авч байгаа. Манай энд адуу өсгөхөд их хэцүү нутаг даа. Будаа тариа ихтэй. Эрлийз хоёр азарга байна. Нэг нь цэвэр “Буддённый” үүлдрийнх байна. Нөгөөдүүл нь монгол.
Малаа гэсэн сэтгэлтэй л бол буян хишиг нь
тогтоно.
- Ярилцсан танд баярлалаа.